Манай нарны аймгийн гаднах гарагаас анх удаа радио дохио илрүүлжээ

Манай нарны аймгийн гаднах гарагаас анх удаа радио дохио илрүүлжээ

Одон орон судлаачид нарны аймгийн гаднах гараг буюу экзогарагаас ирж буй радио долгионыг анх удаа шууд илрүүлсэн байна. Гэхдээ уг дохио нь харь гарагийн ухаант амьдралын шинж тэмдэг бус, тухайн гарагт асар хүчтэй соронзон орон байгаагийн нотолгоо аж.

Эрдэмтэд дэлхийгээс 63 гэрлийн жилийн зайд орших Beta Pictoris b хэмээх аварга гарагаас давтагдах радио долгион илрүүлжээ. Бархасбадь гарагаас ойролцоогоор 12 дахин их масстай тус гараг нь Нарнаас 1.75 дахин их жинтэйд тооцогддог байна. Харвардын их сургуулийн одон орон судлалын профессор, судалгааны багийн ахлагч Эдо Бергер “Радио дохио гэхээр хүмүүс ихэвчлэн харь гарагийн ухаант амьдралыг хайхтай холбон ойлгодог. Гэхдээ энэ бол огт өөр зүйл” гэж тайлбарлажээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар уг радио долгион нь гарагийн хүчтэй соронзон оронтой холбоотой туйлын туяаны радио цацраг аж. Энэ нь Дэлхий болон Бархасбадь дээр ажиглагддаг туйлын туяатай төстэй физикийн үйл явц бөгөөд өндөр энергитэй цэнэгт бөөмс соронзон орны нөлөөгөөр хөдөлснөөр радио долгион ялгаруулдаг байна.

Э.Бергерийн тооцоолсноор Beta Pictoris b-ийн соронзон орон нь Бархасбадийнхаас дор хаяж 200 дахин хүчтэй байж болзошгүй аж.

Соронзон орон нь гарагийг сансрын өндөр энергитэй цэнэгт бөөмсөөс хамгаалах чухал үүрэгтэй. Тухайлбал, Дэлхийн соронзон орон Нарнаас тасралтгүй ирдэг цэнэгт бөөмсийн урсгал буюу нарны салхины нөлөөг сааруулж, агаар мандлыг хамгаалдаг байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

9 цагийн өмнө