АНУ-ын Теннесси мужид цаазаар авах ял сонссон Криста Пайктэд үхлийн тариаг хоёр удаа хийсэн боловч, бүтэлгүйтэж түүний биеийн байдал маш хүнд байгаа талаар өмгөөлөгч нь мэдэгджээ. Тэрбээр одоо эмнэлэгт амь аврах эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ явдлын дараа мужийн захирагч энэ онд товлогдсон бүх цаазлах ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.
“Түүний биеийн байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар тодорхой таамаглах боломжгүй байна. Мөн эрүүл мэндийнх нь талаарх шинэ мэдээлэл хомс байна. Гэхдээ тэр амьд байгаа гэдгийг бид мэдэж байна” гэж К.Пайкийн өмгөөлөгч Рэнди Спайви пүрэв гараг /2026.10.01/-т сэтгүүлчдэд хэлжээ.
Өмгөөлөгчид нь К.Пайкийн ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргахаар ажиллаж байгаа аж. Өдгөө 50 настай тэрбээр 1996 онд 19 настай Коллин Слеммерийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон аж.
Өмгөөлөгчдийн мэдээлснээр лхагва гарагт К.Пайкт пентобарбитал хэмээх бодисын үхлийн тунг хоёр удаа тарьсан ч тэрбээр амьд үлджээ. Улмаар түүнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. К.Пайк 18 настай байхдаа тухайн үеийн найз залуу Тадарил Шиппийн хамт К.Слеммерт халдаж, тамлан зовоосны эцэст амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Харин Лхагва гарагт товлогдсон түүнийг цаазлах ажиллагаа сүүлийн мөчид хууль зүйн маргаан дагуулсан бөгөөд АНУ-ын Дээд шүүх эцэст нь уг ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаад байжээ.
Цаазлах ажиллагааг үзэхээр Теннесси мужид ирсэн, талийгаач К.Слеммерийн ээж Мэй Мартинез бүтэлгүйтсэн оролдлогын дараа NBC News-т ярилцлага өгөхдөө болсон явдлыг “эмх замбараагүй” хэмээн тодорхойлсон байна. К.Пайкийн өмгөөлөгчид пүрэв гарагийн үдээс хойш цаазлах ажиллагааны үеэр болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тэдний ярьснаар, цаазлах ажиллагааг нууцлаг нөхцөлд явуулсан бөгөөд К.Пайк удаан хугацаанд өвдөлт, зовиур амссан байж болзошгүй байна.
“Цаазлах ажиллагааны баг бүтэн цагийн турш судсанд нь катетер тавих гэж оролдсон. Би түүний зүүн гарт дор хаяж долоон удаа зүү хатгасныг тоолсон. Амжилтгүй оролдлогын дараа сугалж авсан зүүний нэг нь мурийсан байсныг харсан” гэж Спайви хэлсэн байна.
Түүний хэлснээр, хоёр дахь удаагийн үхлийн тунг тарьсны дараа К.Пайк хэдэн минутын турш амьсгалсаар байсан аж. Харин эмнэлгийн ажилтнууд түүнд хэзээ тусламж үзүүлж эхэлсэн эсэхийг өмгөөлөгч мэдэхгүй гэдгээ хэлжээ. Теннесси мужийн захирагч Билл Ли уг хэргийн талаар бие даасан шалгалт явуулах тушаал гаргасан байна. Энэ талаар Билл Ли, “Олон асуулт гарч ирж байна. Манай мужийн иргэд эдгээр асуултын хариултыг авах эрхтэй. Энэхүү шалгалтын зорилго бол тэдгээрт хариулт олох явдал юм” гэжээ.
Эх сурвалж: BBC