Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буй Орхон аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Орхон аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.