С.Диордица: Монголчууд шинэ коронавирусийн халдвар аваад дархлаа тогтсон гэдэг худал

С.Диордица: Монголчууд шинэ коронавирусийн халдвар аваад дархлаа тогтсон гэдэг худал

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч С.Диордица коронавирусын талаар мэдээлэл хийлээ. 

2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн вирус илэрсэн цагаас эхлэн Эрүүл мэндийн яам мэдээлэл өгч ажилласан төдийгүй Улсын онцгой комиссоос сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоож, олон  улсын нислэгүүдээ зогсоосон нь халдварын эсрэг авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ болсныг тэрбээр хэллээ. 

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулсан дадлага сургуулилалт ч мөн эрсдэлтэй үед хэрэг болохуйц зөв арга хэмжээ байсныг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцолж байна. 

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица "Халдварыг зогсоохын тулд Засгийн газар, ЭМЯ-ны мэдээллийг ард иргэд дагах нь зүйтэй. Урт хугацааны хөл хорио нь иргэдийн сэтгэл зүйн байдалд нөлөөлнө гэдгийг ч бид ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар, олон улсын байгууллагуудын ажлыг үгүйсгэж буй худал мэдээлэлд хариу өгөхөөр би энд ирсэн. Бидний дархлааны тогтолцоо эрүүл мэндийг хамгаалж, халдвараас сэргийлдэг. Бидний судалгаагаар коронавирус тусаад эдгэсэн хүн дахин тусаж байна. Удахгүй зун болж хүмүүс амарч зугаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ цар тахлын эрсдэл буураагүй тул бид сэтгэл амрах болоогүй. Хүн бүр гараа савандаж угаах, ханиаж найтаахдаа амаа таглаж, дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, олон нийтийн газарт зай барьж явахыг хүсэж байна. Ингэснээр халдварын орчинд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд иргэдийн зүгээс өгч буй дэмжлэг болно. 

Жил бүрийн 11, 12 сард томуугийн халдвар гардаг бөгөөд иргэдийн дунд энэ үеэр Монголчууд шинэ коронавирусийн халдвар аваад дархлаа тогтсон гэсэн мэдээлэл бий. Энэ бол худал. Монголчуудад дархлаа тогтоогүй. Батлагдаагүй. Энэ вирус бол шинээр тогтоогдсон вирус. Өчигдрийн байдлаар халдварын тохиолдол 98 боллоо. Монгол Улс дотоодод халдвар тарах эрсдэл өндөр хэвээр байна. Иргэд энэ мэт худал мэдээлэлд автаж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүсье. Худал мэдээлэл коронавирусээс илүү аюултай" гэв.