Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд малын гоц халдварт годрон өвчин бүртгэгдсэн талаар Монцамэ агентлаг дамжуулжээ.
Тодруулбал, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн есдүгээр сарын 27-ны өдрийн 26-5514 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр тус тосгонд годрон өвчин оношлогдсон талаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Мөн Цогт суманд годрон өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан есдүгээр сарын 27-нд 3000 гаруй ямааг устгалд оруулсан байна.
Годрон өвчнөөр өвчилсөн ямаанд хөдөлж чадахгүй болох, зогсохдоо хөлөө солбин гуйвах, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс гарах, хамраас салс, идээт шингэн гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Халдвар авсан малд өвчний шинж тэмдэг 2-3 хоног үргэлжилж, улмаар үхэлд хүрэх эрсдэлтэй аж. Иймд малчдыг малаа тогтмол ажиглаж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхаарууллаа. Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг мөрдөх шаардлагатайг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.