УИХ-ын гишүүдийг тойрогтоо төсөв тавиулдагийг хориглосон

УИХ-ын гишүүдийг тойрогтоо төсөв тавиулдагийг хориглосон

УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өчигдөр шинэчлэн баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өмнө нь гишүүд тойрог бүртээ санхүүжилт тавиулж, төсвийн орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлдгийг хориглосон. Мөн гишүүд аливаа хуулийн төслийг санаачлахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд ажиллах зохицуулалт тусгалаа. Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдагийг үүгээр хязгаарлаж байна. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй. Мөн гишүүн гишүүнийгээ гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ. Ингэснээр УИХ-ын гишүүд хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх бололцоо бүрдлээ” хэмээн онцлов.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат энэ хууль нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах, асуудлыг ажил хэрэгч, шударга зарчмаар шийдвэрлэхэд чиглэсэн болохыг тэмдэглэлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлсэн. Тиймээс намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусган, хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх нь. Мөн Ерөнхий сайд томилогдсоноос хойш ажлын 14 хоногийн дотор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулах ч парламент ямар нэг шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн танхимын гишүүдээ төрийн эрх барих дээд байгууллагад танилцуулснаар томилогдсонд тооцох юм байна.