Улаанбаатар хотын автозамын ачаалал "хэрээс" хэтрээд удаж байгаа. Иргэд ч үүндээ дасан зохицоод амьдарч сураад байгаа гэхэд хилсдэхгүй ээ.
Тэр тусмаа замын хөдөлгөөний ачаалал хичээлийн шинэ жил эхлэх үеэр эрчээ авч Улаанбаатар хот "тэг" зогсолтонд ордог. Харин үе үеийн хотын дарга нар энэ асуудлын эсрэг ижил арга хэмжээ авдаг нь автомашины улсын дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцох зохицуулалт болоод буй. Өнөө жил ч ялгаагүй. Тодруулбал, Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцож буй.
Гэтэл үүнийг Боловсролын сайд асан П.Наранбаяр сая л мэджээ. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Тэгш сондгой дугаарын хязгаарлалт бүсчлэлгүй, 07:00-21:00 хүртэл гэж түүхэнд байгаагүй хатуу нөхцөлтэй, удаан хугацаанд үргэлжилсээр. СОР-17 хурал нь дуусчхаад, сургууль, цэцэрлэг эхэлсэн үед бидний шар махыг хатаах ямар хэрэг байна аа. AI камер, замын цагдаа 2 давхардуулж торгоод л" хэмээн бичсэн байна. Өнөө жилийн тэгш сондгойгоор явах зохицуулалт COP-17 хуралтай давхцан удаан хугацаанд хугацаанд үргэлжилж буй хэдий ч, өмнөх жилүүдэд буюу П.Наранбаяр гишүүнийг Засгийн газрын гишүүн тэр дундаа Боловсролын сайд байхад ч мөн хийж байсан ажил гэдгийг тэр энэ жил л мэдсэн баймааргүйсэн дээ. Энэ мэтчилэн өмнө нь "дүлий дүмбэ" оргин чимээгүй суудаг байсан эрх мэдэлтнүүд гэнэт улс төржиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.