Киргиз Улсад болж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-ын албан ёсны нээлт боллоо

Киргиз Улсад болж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-ын албан ёсны нээлт боллоо

БНКУ-ын Бишкек, Чолпон-Ата хотод зохион байгуулагдаж буй "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-ын албан ёсны нээлтийн ёслол боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон бөгөөд Монгол Улсын багийн тугийг Улсын заан Д.Анар заллаа.

“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ”уриатай энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны албан ёсны төлөөлөгч, 3,500 гаруй хүн оролцож, угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд өрсөлдөнө. Энэхүү наадам нь өмнө нь Киргиз улсад гурав, Турк, Казахстан улсад тус тус нэг удаа зохион байгуулагдаж байсан түүхтэй. Наадмын үндсэн хөтөлбөр нь дараах гурван чиглэлээр явагддаг.


  • Спорт: Морин уралдаан, көк-бөрү (тулам булаалдах), уламжлалт бөх, сур харваа, ав хомрого (бүргэдийн ан), оюуны спорт зэрэг төрлүүд багтжээ.

  • Соёл урлаг: "Этно хотхон" байгуулагдаж, үндэсний гар урлал, хөгжим, бүжиг, хоол хүнсний үзэсгэлэн дэлгэгдэнэ.

  • Шинжлэх ухаан: Нүүдэлчдийн соёл иргэншил, түүх, өв уламжлалын талаарх шинжлэх ухааны хэлэлцүүлгүүд наадмын хүрээнд явагдах юм.

Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 47 тамирчин, нийт 135 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож, үндэсний спорт, өв уламжлалаа сурталчлан таниулж байна. Энэ жилийн наадмын онцлог нь Монголын үндэсний бөхийг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтаасан явдал бөгөөд манай төлөөлөл барилдааны зохион байгуулалтад оролцож, үндэсний бөхийн уламжлалыг олон улсад таниулж байна.

Манай улсын баг тамирчид өмнөх буюу 2024 онд Казахстан улсад болсон V наадамд 16 төрөлд 66 тамирчинтай оролцож, таван мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон бөгөөд энэ жил амжилтаа улам ахиулахаар бэлтгэлээ бүрэн хангажээ. "Нүүдэлчдийн Олимп" хэмээн нэрлэгддэг тус наадам Бишкек хот болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпон-Ата хотод үргэлжилж байна.