“Нүүдэлчдийн олимп” наадамд 113 орны 3500 гаруй хүн оролцож байна

“Нүүдэлчдийн олимп” наадамд 113 орны 3500 гаруй хүн оролцож байна

“Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек болон Чолпон-Ата хотод үргэлжилж байна.

“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай энэ удаагийн наадамд 113 орны 3500 гаруй төлөөлөгч оролцож, угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд өрсөлдөж байгаа юм. Наадмын үндсэн хөтөлбөрт морин уралдаан, көк-бөрү, уламжлалт бөх, сур харваа, бүргэдээр ан хийх зэрэг спортын төрлөөс гадна үндэсний гар урлал, хөгжим, бүжиг, хоол хүнсийг танилцуулах “Этно хотхон”, нүүдэлчдийн түүх, соёл, өв уламжлалын талаарх шинжлэх ухааны хэлэлцүүлэг багтжээ.

Энэ жилийн наадмын онцлог нь Монголын үндэсний бөхийг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтаасан явдал юм. Монголын төлөөлөл барилдааны зохион байгуулалтад оролцож, үндэсний бөхийн уламжлалыг олон улсад сурталчилж байна. Монгол Улс тус наадамд спортын 27 төрөлд 47 тамирчин, нийт 135 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Нээлтийн үеэр Монголын багийн тугийг улсын заан Д.Анар залжээ.

“Нүүдэлчдийн олимп” хэмээн нэрлэдэг тус наадмыг өмнө нь Киргиз Улсад 2014, 2016, 2018 онд, Турк Улсад 2022 онд, Казахстан Улсад 2024 онд тус тус зохион байгуулсан байна. Монголын баг тамирчид 2024 онд Казахстан Улсад болсон V наадамд 16 төрөлд оролцож, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Энэ удаагийн наадам Бишкек хот болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпон-Ата хотод үргэлжилж байна.