Улсын хэмжээнд АИ92 бензиний хэрэглээ есдүгээр сард 65 мянга, дизель түлшнийх 150 мянган тонн орчим байхаар захиалгаа баталгаажуулаад байна. Нийслэлд өнгөрсөн 24 цагт 1,100, орон нутагт 681 тонн авто бензин нийлүүлснийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шуурхай штаб мэдээллээ.
Тус штабын мэдээлснээр, наймдугаар сард 74.780 тонн АИ92 авто бензин захиалснаас 68,502 нь, дизель түлш 158.530 тонн захиалсан нь бүгд орж иржээ. Улсын хэмжээнд энэ сарын эхэнд ачилтаас үүдэн шатахууны нөөц доголдсоныг арилгаж, хэвийн болгохоор ажиллаж байна. Улаанбаатар хотод шатахууны хомсдол харьцангуй их байсан тул эхний ээлжид нийслэлийг шатахуунаар хангасны дараа орон нутгийг бүтээгдэхүүнээр хангах юм. Одоогоор 30-40 сум авто бензин, дизель түлшний хомсдолтой байна. Шуурхай штабын өнөөдрийн хурлаар улсын хэмжээнд шатахууны хангамжийг нягталж, шатахуунгүй сумдад бүтээгдэхүүн хүргэх, мөн олон хоног дараалал үүссэн орон нутаг, аймгийн төвийн хангамжийг хэвийн болгоход анхаарна.
БНХАУ, ОХУ, бусад эх үүсвэрээс авах шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Орон нутагт ургац хураах ажил өрнөж байгаатай холбоотой галын аюулгүй байдлын шаардлага хангасан, зориулалтын саванд шатахуун олгож байна. Шатахуун олгохгүй байгаа аж ахуйн нэгжийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг АҮЭБЯ, АМГТГ-ын утсаар авч байгаа ажээ.