Монгол, ОХУ-ын хамтарсан тандалт, судалгаагаар Хөвсгөлд тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илэрч, байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ

Монгол, ОХУ-ын хамтарсан тандалт, судалгаагаар Хөвсгөлд тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илэрч, байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ

Монгол Улс, ОХУ-ын Зоонозын өвчин судлалын байгууллагуудын хамтарсан баг энэ сарын 14-31-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зохион байгуулжээ.

Хамтарсан багийн гишүүдийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр хүлээн авч уулзан, тандалт, судалгааны явц, үр дүн, тарваган тахлын байгалийн голомтын идэвхжилийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцсон байна. Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2026 оны долдугаар сард хийсэн тарваган тахлын голомтын гүнзгийрүүлсэн тандалт, шинжилгээ болон энэ удаагийн Монгол, ОХУ-ын хамтарсан тандалт, судалгааны лабораторийн шинжилгээний дүнгээр тарваган тахлын үүсгэгчийн өсгөвөр илэрч, байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогдлоо.

Иймд идэвхжсэн голомтыг эрүүлжүүлэх, хүн амын халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор шимэгчгүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Монгол Улс, ОХУ-ын дөрвөн байгууллагын хамтарсан энэхүү тандалт, судалгааг 2026–2029 онд тогтмол зохион байгуулах юм. Ингэснээр хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын нөхцөл байдал, эрсдэлийг хамтран үнэлж, тандалт, судалгааг тогтмолжуулахын зэрэгцээ хүн амыг тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.