Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ажил бүрэн дуусжээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ажил бүрэн дуусжээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 49.27 хувьд хүрч, гүүрэн байгууламжийн 291 тулгуурын барилгын ажлыг бүрэн дуусгажээ.

Төслийн хүрээнд нийт 2382 шон суурь, 291 доод хөндлөн нуруу, 594 дам нуруу үйлдвэрлэснээс 296 дам нурууг угсраад байна. Бүтээн байгуулалтын ажилд одоогоор 889 инженер, техникийн ажилтан, 327 машин, механизмтай оролцож байна. Төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулж, туршилтын тээвэр эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, тээврийн харилцаанд чухал ач холбогдолтой шинэ төмөр замын коридор бий болж, экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Тус төмөр замаар жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломж бүрдэж, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллараар өсгөх эдийн засгийн үр өгөөжтэй гэсэн эдийн засгийн тооцоолол байгаа бөгөөд төслийн хүрээнд 200 байнгын болон 800 түр ажлын байр шинээр бий болох бөгөөд Монгол Улсын экспортын гол гарцын нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, хугацааг бууруулахад чухал ач холбогдолтой юм.