Д.Амарбаясгалан Говь-Алтайгаас “жийгдэж”, Налайх руу очих уу

Д.Амарбаясгалан Говь-Алтайгаас “жийгдэж”, Налайх руу очих уу

-МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР ХУРАЛДАЖ,
НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛНА-

МАН-ын Бага хурал энэ сарын 16-ны өдөр хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Сонгуулийн хуулийн дагуу намууд сонгууль болохоос 45 хоногийн өмнө буюу энэ сарын 19-ны өдрөөс өмнө нэр дэвшигчдээ тодруулах юм.

Энэ дагуу намууд дор бүрнээ ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН тойрог, мандатын хуваарилалтаар дотроо нэлээн бужигнаантай, хэрүүл маргаантай байгаа аж. Өөрөөр хэлбэл гишүүд нь мандатын төлөө сэм үзэлцэж, хэнийг хаана нэр дэвшүүлэх, ЖДҮ, 60 тэрбумд нэр холбогдсон нөхлдөө хэрхэх эсэх зэргээр ул суурьтай ярилцаж байгаа аж.

Үүнээс үзвэл Бага хурал нэлээн ширүүн уур амьсгалтай болох нь.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойргоо сольж Налайх, Багануурын  тойрогт нэр дэвшихээр тохирч байгаа аж. Түүний хувьд Говь-Алтайд нэр дэвшихээр хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ базааж эхэлсэн ч тус аймгийн удирдлагуудыг сольж бужигнуулсан, өөрийнх нь томилсон нөхөд олигтой ажиллаж чадаагүй улмаар хүн амины хэрэгт нэр холбогдсон зэргээс шалтгаалж энэ удаа нутгаасаа нэрээ татаж буй сурагтай байна.

Тодруулбал, Д.Амарбаясгалан Говь-Алтайд өөрийн найз В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилуулсан ч нөгөөдөх нь хөл, хориотой үеэр тамгын газрынхаа байранд архидан согтуурч улмаар тус аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаагийн амиа алдсан хэрэгт нэр холбогдсон. В.Рэнцэндорж нь талийгаач С.Болормааг ажлаа өгөхийг удаа дараа шаардаж, дарамталж байсан гэх баримт бий. Эцэст нь тус учир битүүлэг хэрэгт тэрбээр салшгүй холбоотой шалгагдаж буй.

-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ОРОНД ОЧИХ Б.ЭНХ-АМГАЛАНГ
ГОВЬ-АЛТАЙНХ-

Энэ нь Д.Амарбаясгалангийн нэрийг давхар шавартай хутгаж Говь-Алтайд очих нүүргүй болгоод байна. Угтаа бол Д.Амарбаясгалан Говь-Алтайд гарын бэлэг тарааж гүйгээд сүрхий байсныг нутгийнхан ярьдаг.

Ямартай ч У.Хүрэлсүх Говь-Алтайд Ш.Раднаасэд, Д.Амарбаясгалан хоёрын хэнийг нь ч нэр дэвшүүлсэн эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Тиймээс түүний оронд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол тамхи Со компанийн захирал Б.Батмөнх нарыг дэвшүүлэхээр ярилцаж байна. Б.Энх-Амгалангийн хувьд Говь-Алтай нутгийнх бөгөөд сүүлийн үед Дарханы замаас болж нэлээн баалуулж буй. Гэхдээ Баянхонгор, Говь-Алтайг холбосон засмал замын ажлын авторыг аваад энэ удаа нутагтаа очих нь.

Харин Д.Амарбаясгалан Хотын дарга С.Амарсайхантай хамт Налайх, Багануурт дөрөө харшуулах бололтой. Залуу хүмүүс хотдоо нэр дэвшиж буй дүр зураг харагдана. С.Амарсайханы хувьд Налайхыг тойлж, сайн “усалсан”. Тиймээс Д.Амарбаясгалангаа чирээд гарч ирнэ гэж үзэж буй бололтой.