“Хүрээний бузрыг ухвал далай далай” гэдэг шиг Улсын төсвийг ухвал ч бас “маапаан” их гарах нь ээ.
Хууль зөрчсөн төсвийг чинь бид хэлэлцэхгүй гээд Ардчилсан нам “гэдийчихсэн”, тэтгэвэр, цалин нэмнэ гэж “эрт” зарлаад, тэтгэврийн хэдэн хөгшнөө зурагтынх нь өмнө хадчихсан л намрын шаргал өдрүүд зурайж байна. Н.Учралын Засгийн газрын боловсруулсан анхны улсын төсөв ахмад настан, эмч багш нарт л их “ээлтэй” төсөв гэлцэх… Гэхдээ бас ээл, ивээл нь бодитоор хэрэгжих эсэх нь ч асуултын тэмдэгтэй байх…
- 45 МЯНГАН ӨРХИЙН 16 МЯНГЫГ НЬ “БАЯРЛУУЛАХ” ИПОТЕКИЙН ШИНЭ БАГЦ -
Тодруулбал, Засгийн газар Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн 500.0 сая хүртэлх ам.долларын /1.8 их наяд төгрөг/ эх үүсвэрийг своп хэлцлээр төгрөгт хөрвүүлэн ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.Үүнээс Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд 90 тэрбум төгрөг, хүүгийн татаасанд зориулж 108 тэрбум төгрөгийг тус тус тусгаад байгаа юм. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 16 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан өвөлжилтийн бэлтгэлийг танилцуулах хурлын үеэр Монгол Улсын 45 мянган өрх “харахын заяа байхаас хазахын заяа байхгүй” ипотекийн зээлийг авахыг мөрөөдөн бор хоногийг өнгөрүүлж байдгийг хэлсэн. Тиймээс Монголбанк, Сангийн Яам хамтраад тэдэн зориулан ипотекийн шинэ багц гаргахаар Улсын төсөвт суулгаснаа хэлсэн юм. Энэхүү багцын тухайд иргэд эхний гурван жилд 6 хувь, дараагийн үргэлжлэх долоон жилд нь 12 хувийн хүүг ипотекийн зээлд төлөх юм байна. Ингэхдээ бас хүссэн бүхэн ороод хадгаа зүүчихэж чадахгүй бөгөөд зөвхөн зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, эмч багш нарт хамаатай асуудал аж. Үүгээр ч зогсохгүй эмч багш нар маань хаашаа ч хамаагүй, хандсан зүгтээ очоод орон сууцаа авчихаж бас болохгүй. Төрөөс шинэ орон сууц барихыг дэмжихгүй бөгөөд хувийн хэвшил болон Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэрээр баригдчихсан байгаа нийт 22,000 орчим орон сууц байгаа. Мөн ирэх онд 16,000 нь ашиглалтад орох юм.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтыг тайлбарлаж буйгаар “Дээрх 45 мянган иргэд бүгдээрээ 6 хувийн зээлд дугаарлах биш, 6, 8,10,12 хувийн хүүгийн сонголттой, өөрсдийнхөө орлогод тулгуурласан олон төрлийн зээл авах боломжийг нээж өгье гэсэн санаа” хэмээн ярьсан юм.
- "ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИХАД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ" -
Тэгвэл эдийн засгийн суурьтай хууль тогтоогч нар дээрх арга хэмжээнд илт шүүмжлэлтэй хандаж байгаа нь мөн ажиглагдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Сүүлийн үед барилгын салбарын санхүүжилтийн бодлого буруу тийшээ явчихлаа. Өнөөдрийнх шиг орон сууцны үнэ төдийгүй өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байгаа үед улсын төсөвтөө зээлийн хүүг нэмнэ гэж оруулах нь буруу. Ингэснээр зээлийн хүртээмжийг улам л бууруулна. Үүний оронд орон сууцны үнэ цалин хөлстэйгөө уялдаатай байж, ипотекийн зээлийг авахыг хүссэн хүн бүр авах боломжтой байх хэрэгтэй хэмээн ярьсан юм. 2012-2016 оны хооронд анх 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайн үед гурван жилийн дотор 80 мянган айл ипотекийн зээлэнд хамрагдсан байдаг.
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 2027 оноос хэрэгжүүлж эхлэх энэхүү арга хэмжээг гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр төрөөс хэрэгжүүлж буй барилгын төслүүд болон нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүд болох Сэлбэ дэд төв болон “20 минутын хот” зэрэг шинэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтуудтай уялдуулах бөгөөд ингэснээрээ орон сууцны нийлүүлэлтийн бодлоготой нийцүүлж орон сууцны үнийг өсгөхгүй байхад анхаарч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны онцлох төслүүдийн зургийг хавсаргалаа. Зорилтот бүлэг гэх эмч, багш, төрийн албан хаагч нар маань энд амьдрах юм.
.jpg)
.jpg)
.jpg)
- 4.4 САЯЫН М.КВ ҮНЭТЭЙ “ОРЛОГОД НИЙЦСЭН” ОРОН СУУЦ -
Үүнээс жишээ татан “Солонго-1,2” орон сууцанд дээрх багцийн нөхцөлөөр амьдарвал хэдий хэмжээний зардал гарах талаар тоо бодож үзлээ. “Солонго-1,2” төслийн нэг м.кв-ийн үнэ 4.428 сая төгрөгөөр анхны гэрээнд туссан бөгөөд энэ талаар салбарын сайд Э.Бат-Амгалан есдүгээр сарын 15-нд олон нийтэд мэдээлсэн юм. Тэгвэл 42 м.кв хоёр өрөө байрны үнэ 185.9 сая төгрөг болно. Үүнээс 30 хувийн урьдчилгаа төлбөрт 55.8 сая төгрөг шаардлагатай бөгөөд үлдсэн 130.1 сая төгрөгийг зээлээр авах тооцоо гарч байна. Хэрэв 130.1 сая төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай авч, эхний гурван жилд жилийн 6 хувийн, дараагийн долоон жилд 12 хувийн хүү төлнө гэж тооцвол эхний гурван жилд сар бүр ойролцоогоор 1.45 сая төгрөг, дараагийн долоон жилд 1.75 сая төгрөгийн төлөлт хийх тооцоо гарч байна.
Өөрөөр хэлбэл, 42 м.кв байртай болохын тулд иргэн 55.8 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд зогсохгүй, зээлийн хугацаанд сар бүр 1.4-1.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийх аж.
Хамгийн хоржоонтой нь жишээ татаж буй “Солонго-1,2” нь БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл. Анхны зорилго нь иргэдийг орон сууцжуулах, орлогод нь нийцсэн орон сууцаар хангах. Гэвч нэг м.кв-ийн үнэ нь 4.428 сая төгрөгөөр тогтоогджээ. Салбарын сайд уг үнийг хотын төвийн орон сууцны үнээс харьцангуй хямд хэмээн тайлбарласан. Тухайлбал, түүний хэлснээр хотын төв орчмын орон сууцны нэг м.кв-ийн үнэ 4.7 сая төгрөгийн түвшинд байгаа бол “Солонго-1,2”-ынх 4.428 сая төгрөг байна.
Үргэлжлүүлэн Unegui.mn сайтаас Нисэх орчмын буюу Солонгос 1,2 хороололтой ойролцоо байрлалтай орон сууцны үнийг хайж үзлээ. Ингэхэд Virtue villa хотхонд 2 өрөө байр 42м2 орон сууц 150 сая төгрөгийн үнэтэй буюу 1 м.кв нь 3.5 сая төгрөг байх ажээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр жишээг харьцуулахад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр баригдсан “Солонго-1,2”-ын нэг метр квадратын үнэ ойролцоох хувийн хэвшлийн орон сууцнаас 928 мянган төгрөгөөр буюу 26 орчим хувиар өндөр байгаа юм.