Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх сумдын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.