Хүн ам олонтой, өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Хятад, Энэтхэг зэрэг улс интернэт хэрэглэгчийн тоогоор тэргүүлдэг бол Монгол Улсын хувьд фэйсбүүкийн хэрэглээгээр Ази болон дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаас иргэдэд мэдээлэл авах, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх асар их боломжийг олгож байгаа ч нөгөө талд цахим гэмт хэрэг, залилан, хүүхдийн цахим аюулгүй байдал, худал мэдээлэл зэрэг шинэ сорилтыг бий болгож байна.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд цахим орчин дахь гэмт хэргийн гаралт эрчимтэй өссөн. Ялангуяа залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг нэмэгдэж, иргэдийн цахим шуудан, сошиал хаягийг хакердах, хуурамч холбоос илгээж банкны болон хувийн мэдээллийг олж авах оролдлого түгээмэл болсон.
Үүний зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийнхэн цахим дарамт, үе тэнгийн дээрэлхэлт, хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй нүүр тулж байна. Тиймээс дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсад ч цахим орчны аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдийг хамгаалах бодлого зайлшгүй шаардлагатай болжээ. Гэвч цахим орчны хамгийн том сорилтын нэг нь зөвхөн гэмт хэрэг биш. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой зохион байгуулалттай мэдээллийн урсгал, хуурамч аккаунт, бот ашигласан үйл ажиллагаа дэлхий нийтэд анхаарал татсан асуудал болоод байна.
-ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА-
Энэ нөхцөл байдлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хууль бус, хортой агуулгатай мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь үндэсний аюулгүй байдал, оюун санааны тусгаар тогтнол, дотоод аюулгүй байдлыг хангах хүрээнд телевиз, радио, хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус болон хортой агуулгын нөхцөл байдлыг судалж, төрийн байгууллагуудын авах арга хэмжээг тодорхойлох зорилготой.
ВИДЕО:
-Б.БАТБЯМБА АХАЛСАН АЖЛЫН ХЭСЭГТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭНЭ-
Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батбямба ахалж байгаа бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллах юм.
Тус ажлын хэсгийн тэргүүлэх чиглэлд:
- Цахим орчин дахь хэрэглэгчийг таньж баталгаажуулах боломжийг судлах;
- Насанд хүрээгүй хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох;
- Эрх зүйн болон техникийн боломжийг сайжруулах;
- Телевиз, радио, өргөн нэвтрүүлэг, интернэт орчин, нийгмийн сүлжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтаж байна.
Гэхдээ энэ асуудлын хамгийн чухал тэнцвэр нь цахим орчны аюулгүй байдлыг хангах нэрийн дор иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахгүй байх явдал юм.
-ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН САНАЛ АСУУЛГЫН 38 ХУВЬ НЬ БОТ ХАНДАЛТ БАЙСАН-
Тэгвэл хэд хэдэн жишээ дурдъя. Тухайлбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 27-нд ТэнГэр телевиз “Туулын хурдны зам шийдэл мөн үү?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтийн санал асуулга явуулсан. Тус телевизийн мэдээлснээр санал асуулгын үеэр бүртгэгдсэн нийт хандалтын 38 хувь нь бот буюу автоматжуулсан хандалт байсан. Энэ үйл явдал нь цахим орчинд харагдаж буй олон нийтийн байр суурь бүр бодит хэрэглэгчдийн санал байдаггүй, тодорхой тохиолдолд зохион байгуулалттай мэдээллийн ажиллагаа нөлөөлж болохыг харуулсан нэг жишээ болсон.
-ОРОСЫН ТРОЛЛ ХАЯГУУД АНУ-ЫН СОНГУУЛЬД НӨЛӨӨЛСӨН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН-
Цахим мэдээллийн нөлөөллийн хамгийн их судлагдсан жишээнүүдийн нэг нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль юм. АНУ-ын тусгай прокурорын шалгалт болон холбогдох мөрдөн шалгах ажиллагааны үеэр ОХУ-тай холбоотой гэж үзсэн байгууллагууд фэйсбүүк, твиттер зэрэг платформ ашиглан улс төрийн зорилготой мэдээллийн ажиллагаа явуулсан талаар дүгнэсэн.
Тодруулбал, Женна Абрамс гэх арьс өнгөний үзэлтэй, цагаан арьст бүсгүйн дүрээр твиттер хаягаар, Д.Трампыг магтаж, өрсөлдөгчийг муулж байсан бөгөөд түүний жиргээг Д.Трампийн хөвгүүд retweet хийж, олон улсын зарим хэвлэлүүд ч түүний жиргээг онцлон мэдээлж байсаг гэдэг. Гэтэл тус твиттер хаяг нь ОХУ-ын утасны дугаар дээр бүртгэлтэй, Оросын тролл хаяг байсан нь сүүлд ил болсон. Мөн фейсбүүк дээр “эх орончийн дүр”-тэй олон пэйж хуудас, групп нээж Д.Трампыг дэмжсэн олон мэдээллийг хуурамч хаягуудаараа share хийж түгээсэн байгаа юм. Энэ хэрэг нь цахим орчинд хуурамч дүрийг бодит хэрэглэгч мэт харагдуулж, олон нийтийн ойлголтод нөлөөлөх боломжтойг харуулсан.
-ОХУ МОНГОЛ УЛСЫГ ӨӨРИЙН НӨЛӨӨН ДОР ХАДГАЛАХ, БУСАД ОРНУУДЫН ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАХ ЗОРИЛГООР ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙН КОМПАНИТ АЖИЛ ЯВУУЛДАГ-
Цахим орчин дахь мэдээллийн нөлөөлөл зөвхөн дотоодын улс төрийн хүрээнд хязгаарлагдахгүй. Геополитикийн зорилготой мэдээллийн ажиллагаа дэлхийн олон оронд явагддаг бөгөөд Монгол Улс ч энэ эрсдэлээс ангид биш юм. Тухайлбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 18-нд Германы DW агентлаг болон Nest Center төвийн хамтарсан судлаачид нийгмийн сонсголын аргачлал ашиглан Монгол Улсад тархаж буй ОХУ-тай холбоотой худал мэдээллийн урсгалд хийсэн шинжилгээний үр дүнг нийтэлсэн.
Тус судалгаанд Монгол Улс хэдийгээр хүн амын тоогоор дэлхийн жижиг орнуудын нэг боловч мэдээллийн орчин нь өргөн хүрээтэй, олон эх сурвалжтай, цахим хэрэглээ өндөртэй орон болохыг онцолсон байна. Энэ нь иргэдэд асуудлыг олон талаас нь харах боломж олгодог давуу талтай боловч нөгөө талд гадаадын мэдээллийн нөлөөлөл, зохион байгуулалттай худал мэдээлэл түгээгчдэд ашиглах боломжтой орчин бүрдүүлж болзошгүй гэж дүгнэжээ. DW агентлагийн судлаач Патрик Беннинг уг судалгааны талаар ярихдаа, дэлхийн бусад бүс нутагт ашиглагдаж байсан ОХУ-ын мэдээллийн стратегийн зарим арга Монголын орчинд мөн ажиглагдаж байгааг онцолсон байдаг.
Судалгаанд дурдсанаар мэдээллийн нөлөөллийн ажиллагаанд дараах дөрвөн үндсэн арга түгээмэл ашиглагддаг байна.
- Нэгдүгээрт, “бүсийг үерт автуулах” арга. Үнэн, худал нь үл хамаарах олон төрлийн өгүүлэмжийг богино хугацаанд олон сувгаар давтан түгээж, иргэдийн дунд эргэлзээ, төөрөгдөл бий болгох.
- Хоёрдугаарт, “гал түймэрдэх” тактик. Тодорхой асуудал, тодорхой бүлэг хэрэглэгчдэд чиглэсэн мэдээллийн дайралт хийж, тухайн сэдвийн талаарх ойлголтыг нэг тал руу хэлбийлгэх.
- Гуравдугаарт, хэт ачаалал үүсгэх арга. Баримт шалгах байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нөөцийг сарниулах зорилгоор их хэмжээний худал мэдээлэл, маргаантай агуулга тараах.
- Дөрөвдүгээрт, “дугуй ажиллагаа” буюу хуурамч итгэлцэл бий болгох арга. Найдвартай мэт харагдах сайт, хуудас, лого, эх сурвалж ашиглан худал мэдээллийг үнэн мэт ойлгуулах.
Ахлах судлаач Б.Шинэбаяр DW агентлагт өгсөн ярилцлагадаа, “Орос улс нэг гол зорилготойгоор худал мэдээллийн кампанит ажил явуулж байна. Энэ нь Монгол Улсыг өөрийн нөлөөн дор хадгалах, бусад орнуудын оролцоог хязгаарлах явдал юм” хэмээн дурджээ.
Цахим орчин бол өнөөдөр мэдээллийн шинэ хил болсон. Энэ хил дээр зөвхөн мэдээлэл бус, үнэн худал, нөлөөлөл ба тусгаар тогтнол, эрх чөлөө ба хариуцлагын асуудал зэрэгцэн өрсөлдөж байна. Тиймээс цахим орчны аюулгүй байдлыг хангах нь хэн нэгний үзэл бодлыг хязгаарлах тухай биш, харин иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрх, нийгмийн итгэлцэл, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай чухал асуудал болоод байна.