Чингэлтэй дүүрэгт Шадар сайд Ө.Энхтүвшин нэр дэвших үү

Чингэлтэй дүүрэгт Шадар сайд Ө.Энхтүвшин нэр дэвших үү

Энэ жилийн УИХ-ын сонгуульд томсгосон можиратор буюу нэг тойрог олон мандат гэсэн зарчмаар болж ирэх зургадугаар сарын 24-ны өдөр санал хураалт болно.

Харин энэ удаагийн сонгуульд МАН, АН зэрэг улс төрийн намуудаас хэн, аль тойрогт дэвших тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Тодруулбал, ирэх долоо хоногийн Бямба гарагт буюу энэ сарын 16-ны өдөр хуралдах МАН-ын Бага хурлаар тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс албан ёсоор зарлагдах төлөвтэй байна. Мөн Ардчилан намаас нэр дэвших хүмүүсийн нэрс ирэх долоо хоногт албан ёсоор нийтэд мэдээлэгдэх бололтой.

Саяхан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон МАН-ын гишүүдээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн гэдэг.  Хэрэв түүний энэ мэдэгдэл биелэлээ олбол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс 40 гаруй гишүүн энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.

-КОРОНАВИРУС ЦАР ТАХЛЫГ АШИГЛАЖ У.ХҮРЭЛСҮХ ДЭГЛЭМ
ТОГТООГООД СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ БАЙНА УУ-

Ямартай ч МАН-ын дарга У.Хүрэлсүх коронавирусийн цар тахлыг ашиглаж, иргэдэд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоож байгаад УИХ-ын сонгуулийн өөрт ашигтай байдлаар явуулах төлөвлөгөөтэй байна гэж зарим эх сурвалжууд онцолж буй. Тухайлбал, өчигдөр /2020.05.07/ Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт чанга хатуу, хөл хорио тогтоож цар тахлын үед хэрхэн ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгууллаа. Харин үүнийг ажлын долоо хоногийн эд үед яагаад Нийслэлийн төвийн дүүргийн болох Чингэлтэй дүүргийн сонгох болов, захын дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүргийг сонгож болох байлтай гэх хардлага иргэдийн дунд байгаа юм.

-ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН,
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН НАР НЭР ДЭВШИХ НЬ
ТОДОРХОЙ БОЛСОН УУ-

Тэгвэл Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүрэгт нэр дэвших нь тодорхой болсон гэх мэдээлэл байна. Иймд Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нэр дэвших Чингэлтэй дүүргийг сонгож “хөл хорио тогтоож, дадлага сургуулилалт хийх” чиглэлийн өгч, сүрийг үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Өмнө 2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшин, өрсөлдөж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Ганболд нарыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж болзошгүй гэх мэдээлэл байна. Учир нь М.Оюунчимэг ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон бол, Д.Ганболдыг МАН-ын Бага хурлын гишүүнээс нь түдгэлзүүлж, намын дүрэм зөрчсөн гэж МАН-ын хяналтын хороо шийдвэрлэсэн зэрэг шалтгаанууд нь эдгээр гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл болж байгаа бололтой.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг гурван мандаттай. Иймд тус дүүрэгт Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан нар нэр дэвших нь тодорхой болсон бол тэднийг дагуулж нэг эмэгтэй, эвсэл олны дунд бизнесийн нэвтрүүлгээр олны танил болсон нэг эрхмийг дагалдуулах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа ажээ.