Өнгөрсөн жил допингийн асуудлаас болж гарьд цолоо хураалгаад буй Н.Өсөхбаяр болон Улсын гарьд М.Бадарч нар энэ наадамд барилдах эсэх олны анхаарлыг татаад буй билээ.
Тэгвэл энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, "МҮБХ бөхчүүдийн цолыг хурааж, эрхийг нь хасах талаар шийдвэр гаргадаггүй. Иймд Н.Өсөхбаярыг энэ жилийн наадмаар барилдуулах саналыг Шадар сайдад хүргүүлэхээр болсон. Мөн Улсын гарьд М.Бадарчийн хувьд хамгийн удаан хугацаанд допингийн асуудлаас болж эрхээ хасуулсан бөх болоод байгаа учрир энэ жилийн наадмаар М.Бадарчийг барилдуулах саналыг мөн адил Шадар сайдад хүргүүлнэ" хэмээсэн.
Тэгвэл Н.Өсөхбаярын эхнэр Б.Уранзаяа цахим сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Бид хүн алсангүй, худлаа хэлсэнгүй, хулгай хийсэнгүй үнэний төлөө өдий болтол чимээгүй хууль дүрмийнхээ хүрээнд явлаа. Маш олон дайралт доромжлолтой бүтэн нэг жил өнгөрлөө. Хуультай улсад байсан бол өнөөдөр нөхрийн минь барилдах эрх сэргэж, Үндэсний их баяр наадамдаа зодоглох байлаа. Эрхийг нь хасах мэдэлтэй атлаа эрхийг нь сэргээх мэдлэг тэдэнд байхгүйд улс даяараа гайхаж үлдлээ. Энэ хууль чинь мөнгөтэй танилтай, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг юм шиг байна. Үнэн хэзээд оршсоор байдаг. Хэдий түр зуур дарагдаж, гуйвуулагдсан мэт санагдавч эцэстээ заавал ил болж, үнэний өмнө бүх зүйл сөхрөх цаг ирдэг" гэжээ.