Өнгөрсөн шөнө орсон борооны улмаас зарим гудамж талбай, орон сууцны зогсоол, зоорь усанд автжээ.
Тэгвэл энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө 06:00 цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг шуудайлж, хаалт хийн хальж гарсан хэсгийг тогтоон барилаа. Одоо хоёр усны машин, ТҮК, ГУББГ-ын ажилчид үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хийж байна” гэлээ.
Өнөөдөр өглөөний байдлаар нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилгын зоорийн давхар руу ус орсон 13 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн. Улмаар дуудлагын дагуу алба хаагчид тухайн газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.