-“ИТГЭЛИЙН ЗЭЭЛ” ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭНЭ ХАВРЫН
ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХГҮЙ-
“Итгэлийн зээл”-ийг иргэдэд олгох талаар анх УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ярьж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард тэрбээр энэ талаар олон нийтэд дуулгаж, жилийн гурван хувийн хүүтэй, 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг айл өрх, иргэдэд олгох хуулийн төслийг санаачилхаар болсноо мэдэгдсэн юм. Ингээд хуулийн төслөө тэрбээр боловсруулаад өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтад “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл багтаагүй.
Д.Оюунхорол гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж УИХ үзсэн. УИХ-ын хаврын чуулганаар “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдсантай холбоотойгоор дагалдах хуулиудыг батлахаар маш завгүй ажиллаж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлснээр бол Үндсэн хуулийг дагалдах бусад хуулиудаа ч баталж ч амжихгүй нөхцөл байдал үүссэн, цаг бага үлдсэн гэж буй.
Тэгэхээр УИХ энэ хаврын чуулганы хугацаанд дээрх хуулийн төслөө л амжиж батлавал их юм болох нь.
Харин “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл зэрэг бусад хуулиуд хэлэлцэгдэхгүй “дашийн шог” болох нь тодорхой боллоо. Нэгэнтээ УИХ-д цаг бага үлдсэн. Энэ сардаа багатаж нэн тэргүүний шаардлагатай хуулийн төслүүдээ баталчихвал дараа нь гишүүд тойрогтоо ажиллана. Сонгуультай жил учраас гишүүд зургаан сардаа багтаан тойрогтоо ажиллах хуваарьтай. Тэгэхээр хаврын чуулганы энэ богино хугацаанд иргэдийн горьдлогыг битүүхэн төрүүлж байсан Д.Оюунхоролын хууль хэлэлцэгдэж амжихгүй.
Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
Үүнийгээ ч Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд мэдэж байсан. Тэд зүгээр л санал авах зорилгоор сонгууль угтаж ээлжит “шоугаа” хийсэн. Тэр нь одоо үнэнд гүйцэгдэж байна. Уг хуулийн төслийн талаар анх яриахад нь бүтэшгүй мөрөөдөл гэдгийг нь зарим иргэд гадарлаж байсан. Өөрөөр хэлбэл, үе дамжсан ядуу иргэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой айл өрхүүдэд 20 хүртэлх сая төгрөгийг зээл өгч ахуй, амьдралыг нь дээшлүүлнэ гэсэн. Ингэхдээ ямар нэг зээлгүй, өмнө нь батлан даагч болж байгаагүй, муу зээлийн түүхгүй, сүүлийн нэг жил бизнес хийсэн иргэнд олгоно гэж байв.
Гэтэл Д.Оюунхорол гишүүний хэлээд буй архичин, орлогогүй, гэр оронгүй иргэд сүүлийн нэг жил бизнес хийсэн байж таарахгүй. Тэд бидний төсөөлснөөс хүнд амьдарч байгаа. Тэдэнд зээл олговол бизнес хийх, амьдралаа дээшлүүлэх, ажилтай, орлоготой болохоос илүү бэлэн мөнгө орж ирсэн дээр нь үрэн таран хийж орхино. Дараа нь тэднээс юугаа авах вэ.
Тэдэнд бус бичил бизнес, өрхийн аж, ахуй эрхэлдэг амьдралын идэвхтэй хүмүүст олголоо гэхэд тэд зээлгүй байх боломжтой юу гэх мэт асуулт гарч ирнэ. Ядаж л ихэнх нь өмнө нь зээлийн батлан даагч болсон байгаа.
Хамгийн гол нь дээрх зээлд шаардагдах 200-300 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хаанаас шийдэхээ Д.Оюунхорол гишүүн анхнаасаа хэлж мэдэхгүй байсан. Мэдэхгүй хэвээр хуулийн төслөө өргөн барьсан. Энэ хэмжээний мөнгийг Засгийн газраас гаргах боломжгүй, өөрөөр хэлбэл 300 тэрбум төгрөгийг зүгээр л тараагаад өгөх ухаан хэнд ч байхгүй. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан гэх энэ зээл зүгээр л эрх баригчдыг амлалтаа биелүүлэх гэж хичээсэн болгож харагдуулах шоу байв.
Цаг нь болохоор зэс нь цухуйна гэгчээр анхнаасаа сайхан үлгэр ярьж иргэдийг хуурч, санал авах гэж оролдсон бодлогогүй, судалгаагүй хуулийн төсөл оруулж ирсэн Д.Оюунхорол гишүүн энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэх биз ээ.
“ИТГЭЛИЙН ЗЭЭЛ” ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.