ШУУРХАЙ: Уурхайн цооногт унаж, амиа алдсан 3 настай охины хэрэгт "Рэдвулкан" ХХК-ийг иргэний хариуцагчаар татан, шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Уурхайн цооногт унаж, амиа алдсан 3 настай охины хэрэгт "Рэдвулкан" ХХК-ийг иргэний хариуцагчаар татан, шалгаж эхэлжээ

Төв аймгийн Заамар сумын нутаг "Ар Наймган" гэх газарт гурван настай охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан. 

Тэгвэл гурван настай охин уурхайн цооногт унаж амиа алдсан хэрэгт "Рэдвулкан" ХХК-ийг иргэний хариуцагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, дээрх харамсалтай хэрэг Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах "Ар Наймган"-ы алтны шороон ордны "доод хэсэг"-ийн ашиглалтын талбайд гарсан байдаг. Тус хэсгийн MV-015479 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Рэдвулкан" гэх компани эзэмшдэг бөгөөд тус компанийн эцсийн өмчлөгчөөр Л.Мөнхсайхан гэх хүн бүртгэлтэй байдаг бол Э.Мөнхцэцэг, Н.Сүрэнхорлоо нар хувь эзэмшдэг байгаа юм. Тиймээс гурван настай охины амиа алдсан хэрэгт "Рэдвулкан" ХХК-ийг иргэний хариуцагчаар татан, гүйцэтгэх захирал Л.Мөнхсайханаас тайлбар мэдүүлэг авч, шалгаж байгаа аж. 

Гурван настай охины амиа алдсан хэрэгт иргэний хариуцагчаар татагдан шалгагдаж буй Л.Мөнхсайханы "Рэдвулкан" ХХК нь 2022 онд дээрх талбайд нөхөн сэргээлт хийсэн хэмээн Ашигт малтмал газрын тосны газарт маягт дээр тайлан гаргаж өгч байсан байдаг. 

Тодотговол, "Рэдвулкан" ХХК нь 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс зургаадугаар сарын 19-ний өдрийн хооронд MV-015479 дугаар бүхий ашиглалтын талбайн 51 цооногийн 153 м3 газарт нөхөн сэргээлт хийсэн хэмээн Ажлын мэдээ гаргаж өгч байсан аж.

Тус "Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ"-д "Рэдвулкан" ХХК-ийн захирал Л.Мөнхсайхан, Геологич Ж.Лхам-Очир, Төв аймгийн Заамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ган-Очир нар тамга дарж, гарын үсэг зурсан байгаа юм.

Энэ бүхнээс гурван настай охин унаж амиа алдсан цооногийг "Рэдвулкан" ХХК магадгүй нөхөн сэргээсэн хэмээгээд худал хэлж төрд тайлагнасан уу, үүнийг нь төрийн алба хаагч мэдсэн үү, эсвэл тухайн цооногийг үүнээс хойш ухаж үүсгэсэн үү, бусдын амь нас, эрүүл мэндэд үнэлж баршгүй хохирол учруулсан байж болзошгүй төрөл садны хүмүүст хариуцлага тооцохгүй энэ мэтээр явсаар байх уу гэх асуулт хариултаа нэхэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан юм. Тус мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.