Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнгөрсөн есдүгээр сарын 28-ны /2026.09.28/ өдөр Төрийн ордонд болсон.
Уг хяналтын сонсголын үеэр шинжээч нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж улаанбуудайн урамшууллаас 18 тэрбум төгрөг авсан гэдгийг онцолж байсан бөгөөд бид тухайн аж ахуйн нэгж нь "Гацуурт"-ын Л.Чинбатын эзэмшлийн компаниуд "Улаанбуудайн урамшуулал"-аас нийт 18 тэрбум төгрөг авсан байсныг мэдээлсэн.
Мөн тухайн сонсголын үеэр "Тариагүй манжингаа хурааж, хүмүүст худалдсан хэмээн хуурамч баримт бүрдүүлэн, хүнсний ногоонд төрөөс олгодог урамшууллаас 1.2 тэрбум төгрөг авсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа" талаар Сангийн яамны газрын дарга Ж.Цогтбаяр мэдээлж, энэ нь олны анхаарлыг татаж байв.
ВИДЕО:
Тэгвэл тариалаагүй манжинг тарьсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж урамшуулал авсан нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад уг хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, А, У гэх нэр бүхий хүмүүс нь Сэлэнгэ аймагт тариалан эрхэлж байхдаа 2024 оны 8-11 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд, иргэдэд шар манжин худалдсан мэтээр и-баримт хуурамчаар үүсгэж, түүнийгээ ХХААХҮЯ-нд илгээж, улмаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны хоёрдугаар сарын 24-ний хооронд А гэгч нь нийт 2 тэрбум, 203 сая төгрөг, харин У нь нийт 354 сая төгрөг авсан байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон байна.
Улмаар прокуророос дээрх нэр бүхий хүмүүст тав хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокуророос А,У нарт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.