“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ц.Болд болон Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн нийт 2,200 гаруй мөрдөгч, алба хаагч цахимаар болон танхимаар оролцож байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагууд чиг үүргийн хувьд бие даасан, хараат бус байх ёстой ч бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа оноо, хийдэл, давхардлаа дангаараа бус системийн хэмжээнд харж, засаж залруулах зайлшгүй шаардлагатайг онцлов.
Мөн "Шударга ёсны дэнс болсон байгууллага, албан тушаалтнууд үйл хэрэг үнэт зүйлээ буруу ташаа үнэлж, хууль дээдлэх ёс, нэгдмэл үнэт зүйл, нэг зорилгоо умартаж, амбицын хам шинжид автах явдал газар авч, улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаа, үнэлэмжийг дордуулж эцэстээ төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулахад хүргэжээ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн салбар “Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлж, Шүүх эрх мэдэл хууль сахиулах салбарын бодлогын зөвлөлийг байгуулаад байгаа аж.