Монгол Улсад 2025 оны байдлаар 213.611 төрийн албан хаагч ажиллаж байна. Тэдгээр нь нийт 4.330 төрийн байгууллагад харьяалагддаг гэсэн хамгийн сүүлийн статистик мэдээлэл бий.
Нийт төрийн байгууллагын:
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон түүний харьяа байгууллага 0.1 хувь
- Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар болон УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагууд 1.3 хувь
- Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагууд 66.8 хувь
- Шүүх эрх мэдлийн байгууллагууд 2.0 хувь
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байгууллагууд 28.7 хувийг эзэлж байна

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид гэдэг бол зөвхөн багш, эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчаар хязгаарлагдахгүй. Яам, агентлаг, газар, хэлтэс, шүүх, прокурор, төрийн өмчит байгууллагуудад ажиллаж буй нийт 213 мянга гаруй хүний тухай асуудал юм. Гэтэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн "Төрийн албаны тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа.
.jpg)
Уг төсөлд ганцхан боловч анхаарал татахуйц заалт бий. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны хугацаанд төрийн албан хаагчид өөрийн цахим хуудсанд нийтэлсэн контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээхийг хориглохоор тусгажээ. Мөн энэ зорилгоор төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсыг ашиглахыг хориглох зохицуулалт оруулсан байна.

Хуулийн төсөл санаачлагчдын тайлбар ч бий. Тэдний үзэж буйгаар энэхүү зохицуулалт нь төрийн байгууллагын үйл ажиллагааг улс төрийн зорилгоор ашиглахгүй байх, төлбөртэй контентоор дамжуулан хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлэх, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх, сонгуулийн шударга өрсөлдөөнийг хангах ач холбогдолтой аж. Энэ бол анх сонсоход зөв мэт тайлбар. Төрийн байгууллагын албан ёсны хуудас, төсвийн хөрөнгө, төрийн нөөцийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй гэдэгтэй маргах хүн цөөн. Төрийн алба улс төрийн хувьд төвийг сахих ёстой гэдэг нь ч ардчилсан тогтолцооны суурь зарчмуудын нэг.
Гэвч нөгөө талд энэ хууль батлагдвал төрийн албан хаагчдын Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл. Учир нь төрийн албан хаагч бол төрийн албан хаагч мөн боловч юуны өмнө Монгол Улсын иргэн.
Монгол Улсын Үндсэн хууль иргэн бүрт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Төрийн албанд ажилладаг гэх шалтгаанаар хүн эдгээр эрхээсээ бүрэн татгалздаггүй.

Тэгвэл өнөөдөр багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтан, мэргэжилтэн, судлаач, орон нутгийн албан хаагч зэрэг 213 мянга гаруй хүнийг хамарсан энэ хууль батлагдсанаар сонгуулийн үеэр худал мэдээлэл түгээх асуудал бүрэн цэгцэрнэ гэдэг өөрөө өрөөсгөл. Учир нь хэрэв төрийн албан хаагч хууль зөрчиж, гүтгэлэг тарааж, худал мэдээлэл түгээж байгаа бол хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагаа хүлээнэ. Харин хууль зөрчөөгүй, зөвхөн өөрийн дэмждэг нэр дэвшигч, нам, эвслийн талаарх байр сууриа илүү олон хүнд хүргэхийг хүссэн тохиолдолд төрд ажилладаг гэх үндэслэлээр хориг тавих нь утгагүй.
Ялангуяа “төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээх” гэсэн ойлголт анхаарал татаж байна.
Өнөөдөр цахим орчинд илүү олон хүнд хүргэхээр төлбөртэй нийтлэх нь зөвхөн улс төрийн хэрэгсэл биш. Бизнесүүд, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хувь хүмүүс бүгд энэ боломжийг ашиглаж байна. Тиймээс төрийн албан хаагчид л ийм боломжийг ашиглаж болохгүй гэсэн хязгаарлалт нь хүний үндсэн эрхийг хязгаарлах шаардлагатай бөгөөд үндэслэлтэй арга хэмжээ мөн эсэх талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөх ёстой.
Ардчилсан нийгэмд эрх чөлөөг хамгаалах хамгийн зөв арга нь эрх чөлөөг хязгаарлах биш, хууль зөрчсөн үйлдлийг л хариуцлагажуулах явдал байдаг. Өнөөдөр асуудал жижиг мэт санагдаж болно. Гэвч эрх чөлөө ихэвчлэн том хаалгаар биш, ийм жижиг мэт харагдах хязгаарлалтуудаар хумигдаж эхэлдэг. Тиймээс УИХ энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн сонгуулийн шударга байдлыг биш төрийн 213 мянга гаруй албан хаагчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд ямар нөлөө үзүүлэхийг мөн адил нухацтай авч үзэх ёстой. Учир нь төрийн албан хаагчид бол төрийн өмч биш. Тэд бол эрх чөлөөтэй, сонгох эрхтэй, үзэл бодолтой Монгол Улсын иргэд билээ.