Isee.mn мэдээллийн сайт ээлжит ярилцлагын зочноороо “Онч шийдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульч Ш.Алтангадасыг урьж ярилцлаа. Тус байгууллага нь Дунд голын үерийн хамгаалалтын бүсэд баригдсан гэх “Акуа гарден” хотхонтой холбоотой асуудлаар нийтийн эрх ашгийг хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Уг хэрэг олон жилийн турш шүүхийн шат шатанд хэлэлцэгдэж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс хяналтын шатны шүүх рүү шилжүүлсэнтэй холбоотойгоор хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үр дагаврын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
ВИДЕО:
-Юуны өмнө урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа “Онч шийдэл” ТББ-ын үйл ажиллагаанаас эхэлье. Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, энэ хэрэгт ямар үндэслэлээр оролцож байгаа вэ?
- Манай “Онч шийдэл” ТББ 2012 онд үүсгэн байгуулагдсан, хуулийн фирмийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг, судалгаа шинжилгээ, нийтэд тустай буюу нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрх, нийтийн өмч, хүрээлэн байгаа орчин гэдэг асуудлаар хэрэгжүүлж байгаа гурав дахь төсөл нь олон нийтийн анхаарлын төвд орсон “Акуа гарден” буюу Дунд голын эргийн хамгааллын бүсэд барилга барьж байгаа үйл явцтай тэмцэж байгааг хүмүүс сайн мэднэ.
-“Онч шийдэл” ТББ “Акуа гарден” хотхонтой холбоотой асуудлаар нийтийн эрх ашгийг хамгаалан нэхэмжлэл гаргасан. Нийтийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэл гэж яг ямар ойлголт вэ, ямар эрх зүйн үндэслэлтэй процесс байдаг вэ?
- Маргааны хамгийн гол асуудал нь газар эзэмших зөвшөөрөл, эрхийг олгосон шийдвэрийг л хүчингүй болгуулах юм. Тэрнээс бидэнд хувийн байгууллагын үйл ажиллагаанд халдах зорилго байгаагүй. Ер нь энэ Дунд голын бүсэд газар олгосон нь 2012 оноос эхлэлтэй, анхнаасаа л маргаан дагуулсан асуудал. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр төрийн албан хаагчдын барилга барина гэдэг анхны зөвшөөрлийг олгосон НИТХ-ын 50-р тогтоолоосс эхлэлтэй гэж ярьдаг юм. Энэ тогтоолд төрийн албан хаагчдын орон сууц барих байршилуудыг тодорхой заасан байдаг бөгөөд энд Дунд голын маргаад байгаа газар байгаагүй. Харин Хан-Уул дүүргийн ИТХ-ын төрийн албан хаагчдын орон сууц барих тогтоолын зарим хэсэг дээр дээрх маргаан бүхий газрын байршлыг заасан байдаг. Гэхдээ бүх нийтээр ашиглах зориулалттай ногоон байгууламж гэдгээр. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр 2020 онтой золгож, есдүгээр сарын 30-ны өдөр А1155 гэдэг Нийслэлийн Засаг даргын захирамжаар орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн. Үүнийг нь сүүлд хүчингүй болгоод, газар эзэмшигч Эм энд жи констракшн маань шүүхдээд 2021 онд Нийслэлийн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж эргээд ногоон байгууламж болгосон.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2022 оны нэгдүгээр сарын 1-ний А13 тоот захирамжаараа ногоон байгууламжийг орон сууц үйлчилгээ цогцолбор болгож зориулалтыг нь өөрчилсөн. Ингээд дээрх захирамжийн хүрээнд одоо бидний харж байгаа “Акуа гарден” гэдэг байшин баригдах эхлэл нь тавигдаж байгаа юм.

Тухайн цаг үетэй зэрэгцээд Монголд байтугай Азид байхгүй усан парк барина гэдэг агуулгатай хашааг тэр хэсгийг тойруулаад барьсан. Одоо ч бүдгэрсэн зураг нь байгаа. Бүгд ийм юм барих юм байна л гэж ойлгосон. Ингээд 2022 оны зургаадугаар сард ийм зориулалтаар газар олгожээ.
Бидний зүгээс "Усны тухай хууль, Усны тухай холбогдох журмуудын дагуу онцгой хамгаалалтын бүс тогтоодог юм байна. Эргийн хамгаалалтын бүс нь эргээс нааш 100 метр, онцгой хамгаалалтын бүс нь 50 метр бүс тогтоодог юм байна. Усны тухай хуульдаа энэ бүсэд байшин барилга, бүх л төрлийн үйл ажиллагааг хориглодог. Мөн Газрын тухай хуульд заасан бүх нийтээрээ ашиглах нийтийн эзэмшлийн талбай байна. Нийтээрээ ашиглах энэ талбайг хэн нэгэнд өгөөд байшин бариулж болохгүй биз дээ, Нийслэлийн Засаг дарга аа. Тиймээс та энэ хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болго" гэдэг хамгийн анхны хүсэлтээ 2022 оны зургаадугаар сарын 22-нд гаргасан.
Тухайн үед бидний гэрэл зургаар баримтжуулснаар тэнд газрыг нь ухаж, суурийн ажлыг хийж байсан. Мэдээж Нийслэлийн Засаг дарга бидэнд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
- Нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргаж байгаа гэж та ярилаа. Энэ нь яг ямар ойлголт вэ?
-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2016 онд дөрвөн асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлөөд аливаа байгууллага нэхэмжлэл гаргаж болно гэдэг. Үүнд, хүүхдийн эрх, бүх нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, хүрээлэн байгаа орчин багтдаг. Мөн хуульд заасан шүүхэд шууд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд гэж байдаг бөгөөд мөн хуулиар шууд заагаагүй боловч, тодорхой шаардлагыг хангасан ТББ нэхэмжлэл гаргаж болно гэдэг. Гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэдэг юм. Нийтийн сайн сайхын төлөө бүх хүмүүст тохиолддог мөн зарим бүлэг хүмүүс буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, малчдад нийтлэгээр нь болохгүй байгаа асуудлыг тодорхой шүүхийн ажиллагааны хүрээнд жишиг тогтоох байдлаар явагддаг ажиллагааг нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах нэхэмжлэл буюу дэлхий нийтээрээ хэлж заншсанаар стратегийн өмгөөлөл гэж хэлээд байгаа юм.

- Тэгэхээр нийтийн сайн сайхны гаргаж байгаа "Акуа гарден" хотхоны асуудлаар гаргасан танай нэхэмжлэлийн агуулга нь юу вэ?
Бид хоёр асуудлын төлөө бид явж байгаа. Байгаль орчин болон, нийтийн өмч. Ингээд дөрвөн төрлийн нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, "Нийслэлийн Засаг даргын гаргасан А13 тоот захирамжийг түдгэлзүүлэх", "Барилга барих архитектур төлөвлөлтын даалгаврын зөвшөөрлийг хүчингүй болгуулах", "Магадлал хийгээгүй барилгын хөгжлийн төвийн тодорхой шийдвэрийг хүчингүй болгуулах", мөн "Орон сууцны барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгуулах" юм.
Нэхэмжлэл гаргаад явж байхад хууль ёсны дагуу эрх мэдэлтэй дарга нар нь хүлээж авахгүй байхаар байгаль өөрөө харуулж байна. 2023 онд тухайн байршилд үер болж хэчнээн хохирол болж, хэчнээн хүний гэр үерлэж, хэдэн хүний амь үрэгдэв.
Ус тогтож шингээд цаашаа урсдаг байсан хэсэг нь байхгүй болонгуут бусад хэсгээрээ үер задарч эхэлж байгаа юм. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга Сэлбэ голын хамгаалалтын даланг тохижуулна гэж хэлээд одоо гурван жил болж байна. Нийтийн эзэмшлийн талбайд яагаад нэг компанид барилга бариулна гэж өгөөд байгаа юм бэ. Хуульд болохгүй гэж заагаад байна шүү дээ.
-“Акуа гарден” хотхоны асуудлаар маргаан олон жил үргэлжилж байна. Хариуцагч талууд өөрсдийгөө хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг. Харин таны хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
Энэ хэргийн хариуцагч нар нь төрийн байгууллагууд. Нийслэлийн Засаг дарга, Барилгын яам, Барилга хөгжлийн төв, Хот байгуулалт, хотын стандартын газар гээд дөрвөн хариуцагчтай. Энэ дөрвөн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгуулъя гэж бид нэхэмжлэл гаргасан. Энэ байгууллагууд бүгд хууль ёсны дагуу гарсан гэж үздэг. Зөвшөөрөл гаргахад шаардлагатай бүхий л баримтуудыг хавсаргасан байсан учраас бид хууль ёсны дагуу зөвшөөрөл олгосон л гэдэг. Гэтэл хориглосон үндсэн зохицуулалтуудыг зөвшөөрлөө гаргахдаа хараагүй л байхгүй юу. Энэ хэргийн гуравдагч этгээд гэж байгаа. Шийдвэр гарснаар ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу нөгөө газар эзэмших зөвшөөрлөө авсан Эм Энд Жи констракшн компани байгаа. Тухайн компани мөн л хууль ёсны дагуу газраа авсан гэдэг. Тиймээс “Онч шийдэл” ТББ -ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг хүсэлттэйгээр шүүх хуралдаан үргэлжлээд явж байна.

-Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс уг хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Анх нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн процесс хэрхэн өрнөж ирсэн бэ. Үүнийг товчхон тайлбарлаж өгөөч.
Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгоох хүсэлтийг хүлээж аваагүй. Тийм учраас хууль ёсны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд 2022 оны 10 дугаар сараас хойш дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд гурван удаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан буюу “Онч шийдэл” ТББ энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна гэдэг агуулгаар шүүх шийдэж байсан. Энэ шийдвэрийг Давж заалдах шатны шүүхэд хандаад үндэслэлгүй шийдсэн байна гэж анхан шатны шүүх рүү буцааж байсан. Ингэж явсаар цаг хугацаа авсан.
Мөн маш олон оролцогчтой хэрэг учир хүндэтгэх шалтгаануудын улмаас тодорхой хугацаанд хойшилсоор байгаад 2026 оны Анхан шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн.
Манайхаас Давж заалдах шатны шүүхэд хандаад Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэхдээ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэдэг шийдвэрийг гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс Давж заалдах шатны шүүх шийдэх боломжтой байхад шийдсэнгүй, тийм учраас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлттэйгээг ороод Улсын дээд шүүхээс Нийслэл дэх захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдэх боломжтой учир давж заалдах шатны шүүхээр буцаан шийдвэрлэ гэсэн шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан товлогдоогүй байна.

- Хэрвээ шүүх эцсийн байдлаар танай талд шийдвэр гаргалаа гэж бодоход цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Олон нийтийн дунд "Нураах юмуу" гэдэг асуулт байх шиг байгаа юм. Нураах эсэх нь төрийн байгууллагын өөрсдийнх нь шийдэх асуудал. Мөн энэ барилга баригдаад дууссан ч ашиглалтанд орохгүй зогсчихоод, иргэд худалдаж авсан ч орж чадахгүй байгаа юм шиг байгаа юм.
Гэтэл иргэд орж чадахгүй байгаа шалтгааныг гуравдагч этгээдийн зүгээс “Онч шийдэл” ТББ байгууллага манай байшинг хориглуулсан учраас бид байшингаа ашиглаж чадахгүй байна гэсэн юм тараагаад байгаа юм шиг байгаа.
Энэ дөрвөн жил үргэлжилж байгаа маргаанд Актын үнэлгээг нь түдгэлзүүлээд буюу энэ барилгыг зогсоохтой холбоотой нэг ч шийдвэр байхгүй. Бид зогсоогоод өгөөч гэж шүүхэд удаа дараа хандсан ч шүүх шийдээгүй. Магадгүй баригдаж дуусаагүй байхад нь манай хүсэлтийг шийдээд барилгын үйл ажиллагааг зогсоосон бол өнөөдөр ийм олон иргэд хохирохгүй байсан байх.
- Ярилцсанд баярлалаа.