ТЭД БИДНИЙ ТУХАЙ:  “Дэлхийн геополитикийн хямрал хамгийн бодитоор туссан цэг Монгол хэмээн “Brussels Morning” сонинд нийтэлжээ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: “Дэлхийн геополитикийн хямрал хамгийн бодитоор туссан цэг Монгол хэмээн “Brussels Morning” сонинд нийтэлжээ

Бельги улсад төвтэй олон улсын нөлөө бүхий “Brussels Morning” цахим сонинд олон улсын улс төрийн эрсдэлийн шинжээч Максимилиан Хесс Монгол Улсын эрчим хүчний хамаарал, түүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн орчны эрсдэлийг хөндсөн аналитик нийтлэл гаргажээ.

Тус нийтлэлд Монголд үүссэн шатахууны хомсдолыг дэлхийн геополитикийн хямрал хамгийн бодитоор туссан цэг хэмээн онцлоод, “Хэрэв та дэлхийн эрчим хүчний хямрал хаана хүчтэй нөлөөлж байгааг харахыг хүсвэл олон улсын усан зам, Ормузын хоолой руу бус, Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд руу харах хэрэгтэй” гэж бичсэн байгаа юм.

- ДЭЭРХ ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦАЛСАН Ч ЭНЭ НЬ ЗӨВХӨН БОГИНО ХУГАЦААНЫ ГАЛ УНТРААХ ШИЙДЭЛ БАЙВ-

Тодруулбал, “Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас жолооч нарт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой байхаас хамаарч өнжөөд шатахуун авах шийдвэр гаргаж, худалдан авалтын хэмжээг бакны гуравны нэгээс хэтрүүлэхгүй байх хатуу хязгаарлалт тогтоосон. Үүний дараахан АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улс даяар үүссэн шатахууны хомсдолыг тандаж, иргэддээ нэн шаардлагатай бус бүх аяллыг хойшлуулахыг зөвлөсөн юм. Сүүлийн арван жилийн хугацаанд өөрийгөө аялал жуулчлалын дараагийн томоохон бүс нутаг хэмээн сурталчилж ирсэн улсын хувьд энэ нь туйлын ноцтой нөхцөл байдал байв. Учир нь энэ зун дэлхийн өөр ямар ч улсын засгийн газар ийм хатуу хязгаарлалт тогтоогоогүйг шинжээч тэмдэглэжээ.

ОХУ-аас яаралтай журмаар нэмэлт 25 мянган тонн бензин, таван мянган тонн агаарын хөлгийн түлш нийлүүлэхээр тохиролцсоны дараа наймдугаар сарын 18-нд дээрх хязгаарлалтыг цуцалсан ч энэ нь зөвхөн богино хугацааны гал унтраах шийдэл байв. Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дрон ашиглан цохилт өгсөөр байгаа нь Оросын дотоодын нийлүүлэлтэд цаашид ч хүндрэл учруулах нь тодорхой байна. Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийг түүхэндээ бараг бүрэн хангаж ирсэн Ангарскийн үйлдвэр одоогоор халдлагад өртөөгүй байгаа ч нөхцөл байдал цаашид илүү эгзэгтэй түвшинд хүрэх эрсдэлтэй. Түүнчлэн Кремлийн тусламж хэзээ ч үнэ төлбөргүй байдаггүй бөгөөд Москва үүний хариуд юу шаардах нь тодорхойгүй хэвээр байна. Оросын тал өнгөрсөн жил өөрийн улсын шүүхээс Рио Тинто компанийн эсрэг шийдвэр гаргах үеэр Монголын зэс, алтны томоохон орд болох Оюу Толгойн хувьцааг сонирхож байгаагаа шууд бусаар илэрхийлж байсан удаатай. Шинжээчийн зүгээс үе үеийн засгийн газрууд 3-6 сарын стратегийн нөөцтэй болно гэж амлаж байсан ч энэ зорилтдоо хүрээгүй, нөөцлөх агуулахын хүчин чадлыг ч хөгжүүлээгүйг шүүмжилсэн байна.

Энэхүү хамаарал нь зөвхөн жолооч нарт тулгарч буй таагүй байдлын тухай асуудал биш юм. Зөвхөн дизель түлш болон бензиний импорт өнгөрсөн жил Монгол Улсын нийт импортын гуравны нэгийг бүрдүүлсэн байна. Импортын хэмжээ сүүлийн хорин жил орчмын хугацаанд тав дахин өсөж, 2025 оны байдлаар 2.7 сая тоннд хүрсэн бөгөөд эрэлт жилд 14 хувиар өсөж байна. Монголын эдийн засаг бол уул уурхайгаас хамааралтай бөгөөд уул уурхай нь дизель түлшнээс бүрэн хамааралтай. Оюу Толгойн уурхайн тээврийн аварга механизмууд, Хятадын хил рүү чиглэн урсах нүүрсний цуваа, Говь дахь уурхайн хотхонуудыг цахилгаанаар хангаж буй генераторууд бүгд түлшээр ажилладаг. Товчхондоо, Улаанбаатарт шатахууны насос зогсоход бусад бүх салбарыг санхүүжүүлдэг экспортын гол хөдөлгүүр саатаж эхэлдэг байна.

-МОНГОЛ УЛС ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ОХУ-ААС ТУСГАЙ КВОТООР  ТҮЛШЭЭ АВЧ БАЙНА-

Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэргүй бөгөөд Энэтхэг улсын санхүүжилтээр 2018 оноос хойш барьж буй үйлдвэр цаашид саатал гарахгүй бол 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Тэр болтол түлшний 97 орчим хувь нь Оросоос нийлүүлэгдэх бөгөөд тус улсын боловсруулах үйлдвэрүүд Украины дроны халдлагад дараалан өртсөөр байна. Оросын үйлдвэрүүд ганцхан сарын дотор 18 үйлдвэртээ цохилт авсны улмаас газрын тос боловсруулалтын хэмжээ нь өдөрт 3.6 сая баррель болж буурсан нь 2002 onoос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байгаа юм. Москва бензин, дизель түлшний экспортоо бүрэн хориглож, өөрөө түлш импортолж эхэлсэн бөгөөд Монгол Улс зөвхөн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тусгай квотоор буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр түлшээ авч байна. Олон улсын Brent маркийн газрын тосны үнэ 90 ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа үед Улаанбаатар хот Евразийн хэмжээнд боловсруулах хүчин чадал нь хамгийн ихээр сүйтгэгдэж буй цорын ганц нийлүүлэгчээс бүтцийн хувьд бүрэн хамааралтай хэвээр байна.

Улаанбаатар үүнийг мэдэж байгаа тул өөр эх сурвалж хайж эхэлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Сөүл хотод очиж GS Caltex компанитай квот болон тээвэрлэлтийн талаар тохиролцсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс PetroChina компанийн дотоодын охин компани болон Казахстан улстай хэлэлцээ хийж байна. Гэвч Казахстан улс Монголын өөрийн үйлдвэр ашиглалтад орох хүртэл шаардлагатай хэмжээний бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх хүчин чадал дутмаг байгаа юм. Эдгээр алхмууд нь зөв боловч аль нь ч хямд тусахгүй. Далайд гарцгүй, нөөцлөх агуулахгүй зах зээлд шатахууны баррель бүрийг тээвэрлэж авчрах зардал өндөр бөгөөд Хятадаас хамааралтай болох нь нэг хамаарлыг нөгөөгөөр солих эрсдэлийг дагуулж байна хэмээн нийтлэлд дурджээ. 

Эх сурвалж: Brussels Morning Newspaper