АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны эхээр эхэлсэн мөргөлдөөнийг зогсоох зорилготой АНУ, Ираны хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.
CBS News-ийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Д.Трамп санал болгосон өөрчлөлтүүд нь Ормузын хоолойн тээврийг сэргээх болон Ираны өндөр баяжуулсан ураны нөөцтэй холбоотой асуудлуудыг хамарч байгаа аж. Харин Цагаан ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Ираны парламентын дарга бөгөөд тус улсын ахлах хэлэлцээний төлөөлөгч Мохаммад Багер Галибаф ням гарагт мэдэгдэл хийхдээ “Ираны эрх ашиг бүрэн хангагдаагүй тохиолдолд Тегеран ямар ч хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж онцолжээ.
CBS болон Axios агентлагуудын мэдээлснээр, Баасан гарагт Д.Трамп ахлах зөвлөхүүдтэйгээ Цагаан ордонд уулзаж, Ирантай байгуулах боломжит тохиролцооны хүрээг хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр хэлэлцээрийн төслийн талаар “эцсийн шийдвэр” гаргасан ч дараагийн алхмуудын талаар тодорхой шийдэлд хүрээгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Хэлэлцээрийн хамгийн сүүлийн хувилбарт 60 хоногийн хугацаатай гал зогсоох дэглэм тогтоох, Ормузын хоолойг дахин нээх, мөн Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг сэргээх асуудлууд багтсан байна.
Мөн дипломат яриа хэлэлцээ амжилттай үргэлжилсэн тохиолдолд Иранд тавьсан зарим хориг арга хэмжээг хөнгөвчлөх, улмаар тус улсын царцаагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг ашиглах боломж олгох асуудал яригдаж байгаа талаар CBS мэдээлжээ. Пүрэв гарагт АНУ-ын албаныхан хоёр тал ойлголцлын санамж бичгийн төсөл дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд уг баримт бичиг нь Д.Трамп болон Ираны удирдлагын эцсийн зөвшөөрлийг хүлээж байгаа гэж мэдэгдсэн юм.
Д.Трамп мөн Fox News-т өгсөн ярилцлагадаа “Надад хэрэгтэй цорын ганц баталгаа бол Иран цөмийн зэвсэггүй байх явдал. Тэд үүнийг зөвшөөрсөн нь тун сонирхолтой байсан” хэмээн мэдэгджээ.
Мөн тэрээр хэлэлцээр байгуулахад яарахгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Баасан гарагийн уулзалтын дараа Цагаан ордны нэгэн албан тушаалтан “Ерөнхийлөгч Д.Трамп зөвхөн Америкийн ашиг сонирхолд нийцэж, түүний тогтоосон улаан шугамыг хангасан хэлэлцээрийг дэмжинэ. Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй” гэж мэдэгджээ.
Axios агентлагийн мэдээлснээр, Д.Трамп уулзалтын үеэр хэд хэдэн нэмэлт өөрчлөлт санал болгосон бөгөөд түүнээс хойш ч шинэ саналуудаа үргэлжлүүлэн дэвшүүлсэн байж болзошгүй аж. Үүний зэрэгцээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Сингапурт хийсэн айлчлалынхаа үеэр хэлэлцээр Ерөнхийлөгчийн шаардлагыг хангахгүй бол цэргийн ажиллагаа дахин сэргэх боломжтойг анхааруулжээ.
Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “эцсийн дүгнэлтэд хүрэх хүртэл яригдаж буй бүхэн таамаг төдий зүйл” гэж мэдэгдсэн байна.
Tasnim агентлагийн мэдээлснээр, хэлэлцээрийн төслийн талаархи хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд хоёр тал нэмэлт өөрчлөлтийн саналуудаа тогтмол солилцож байгаа аж. Мөн Иран цөмийн асуудлаарх бодит хэлэлцээг урагшлуулахын өмнө царцаагдсан хөрөнгөө суллуулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Пакистан улс АНУ болон Ираны хоорондын хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
CBS News-ийн мэдээлснээр, ням гарагт танилцуулагдсан нэмэлт өөрчлөлтүүд нь Д.Трампын зүгээс АНУ-ын саналд оруулсан гурав дахь удаагийн засвар болж байгаа юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш Д.Трамп АНУ болон Иран хэлэлцээр байгуулахад ойртож байгаа талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн ч одоогоор хоёр тал албан ёсны эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Эх сурвалж: BBC