Монголд анх удаа бүртгэгдсэн SAT-1 омгийн шүлхийн улмаас 605 үхрийг устгалд оруулж, Увс, Баян-Өлгийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Монголд анх удаа бүртгэгдсэн SAT-1 омгийн шүлхийн улмаас 605 үхрийг устгалд оруулж, Увс, Баян-Өлгийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий, Увс аймгийн хоорондын авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 31-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Тодруулбал, Увс аймагтай хил залгаа Баян-Өлгий аймгийн Алтай суманд шүлхий өвчний голомт бүртгэгдэж, халдвар авсан 605 толгой үхрийг устгалд оруулаад байна. Энэ удаад бүртгэгдсэн шүлхий нь өмнө нь Монгол Улсад илэрч байгаагүй SAT-1 омог болохыг албаныхан мэдээлжээ. Иймээс хаврын улиралд хийсэн АО омгийн вакцин нь уг халдвараас хамгаалах боломжгүй аж. Мөн энэхүү омог нь хоруу чанар, тархалтын түвшин өндөр тул халдвар авсан малыг бүрэн устгалд оруулахаас өөр аргагүй нөхцөл үүссэн байна.

Шинэ омгийн шүлхийн эсрэг баталгаажсан вакциныг татан авах хамгийн наад захын хугацаа нь долдугаар сарын 15 гэж холбогдох байгууллагууд мэдээлжээ.

Увс аймагт 225.8 мянган үхэр, нэг сая 58 мянган ямаа, нэг сая 143 мянган хонь буюу нийт 2.3 сая орчим толгой мал бий. Иймээс халдвар тархах эрсдэл өндөр гэж үзэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна. Мөн Баян-Өлгий аймгаас ноолуур тээвэрлэн ирсэн Увс аймгийн иргэдийг тусгаарлаж, тээврийн хэрэгсэлд нь ариутгал халдваргүйтгэл хийжээ. Түүнчлэн тус аймагт нэвтэрч буй иргэд болон автомашин, техник хэрэгслийг ариутгалд хамруулан оруулах зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа аж.