АНУ-ын цэргийн хүчин Ираны өмнөд хэсэгт шинэ цохилт өгсөн талаар АНУ-ын Төв командлал мэдэгджээ. Цохилт нь Ираны пуужингийн байгууламжууд болон мина тавих гэж байсан завьнуудыг онилсон байна. АНУ-ын Төв командлалын мэдэгдэлд энэхүү ажиллагааг “өөрийгөө хамгаалах зорилготой” бөгөөд “Ираны хүчний аюул заналаас АНУ-ын цэргүүдийг хамгаалах” арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч ахмад Тим Хокинс “гал зогсоох хэлэлцээр үргэлжилж байгаа ч АНУ цэргийн хүчнээ хамгаалсаар байна” гэж мэдэгдсэн байна. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, АНУ-ын цохилтууд Ормузын хоолойн ойролцоох Бандар Аббас боомтын бүсэд төвлөрсөн бөгөөд тус бүсэд Ираны тэнгисийн цэргийн чухал бааз байрладаг аж.
Ираны төрийн хэвлэлүүд өмнө нь Бандар Аббас орчимд дэлбэрэлтийн чимээ сонсогдсоны дараа мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн талаар мэдээлжээ. Гэвч Тегеран одоогоор АНУ-ын хамгийн сүүлийн цохилтод албан ёсны хариу өгөөгүй байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэлцээ үргэлжлэх боломжтой хэвээр байгааг онцолж, Ираны Гадаад хэргийн сайд болон Катарын Ерөнхий сайдын хооронд шинэ уулзалт товлогдсон талаар мэдээлжээ. Тэрээр, “Бид ахиц гаргаж чадах эсэхийг харах болно. Хэлэлцээрийн эхний баримт бичгийн үг, хэллэг бүр дээр нэлээд нарийн яриа өрнөж байгаа тул хэд хоног шаардагдаж магадгүй” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Эх сурвалж: BBC