СУРВАЛЖИЛГА: Улаанчулуутын хог шатаж, дэргэдэх улсын цэцэрлэгийн хүүхдүүд хордож байна

СУРВАЛЖИЛГА: Улаанчулуутын хог шатаж, дэргэдэх улсын цэцэрлэгийн хүүхдүүд хордож байна

Монгол орон бол Сибирийн агаарын даралт гэх мэт олон шалтгаанаас үүдэн баруун болон баруун хойд зүгээс ихэвчлэн салхи салхилдаг. Гэтэл хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын салхины эх дээр буюу баруун хойд хэсэгт Монгол Улсын хамгийн том хоёр хогийн цэг байрладаг. Гэтэл энэхүү хогийн цэг дээрх хогийн талыг шороогоор булаад үлдсэнг нь шатаах хоёр сонголт бидэнд байдаг нь харамсалтай.

ВИДЕО:

-ХОГИЙН ЦЭГЭЭ ХОЙМОРТОЙ ЗАЛСАН УЛААНБААТАР-

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1,500 гаруй тонн хог хаягдал ялгардаг байна. Тэгвэл энэ хогийн талыг нь шороогоор булдаг гэж үзэхэд 750 кг орчмыг өдөрт шатаадаг байх магадлалтай. Гэтэл хогийн цэгээ хоймортой залсан Улаанбаатар хотын иргэдийн анхаарах ёстой чухал сэдэв бол хог шатахад гарсан утаа болоод байна. Магадгүй энэхүү утаа та бидэнд төдийлөн мэдэгддэггүй байж болох л юм. Гэхдээ Улаанчулуутын хогийн цэгийн ойр орчимд байгаа оршин суугчдын “Үндсэн хууль”-ийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа юм.

No description available.

-УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГИЙН ҮҮДЭНД УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ БАЙРЛАДАГ-

Isee.mn сурвалжлах баг Улаанчулуутын хогийн цэгийн хашааны үүдэнд байрлах дугаар цэцэрлэгээс хүүхдээ аваад явж буй нэгэн ээжтэй тааран яриа авсан юм. Тэрбээр, “Хог шатаахад үнэхээр хэцүү байдаг. Энэ хавийн хүүхдүүд тус цэцэрлэгт харьяатай байдаг учир явахаас өөр аргагүй. Гэтэл энэ цэцэрлэг Улаанчулуутын хогийн цэгийн яг салхин доор нь байдаг.

Хог шатаасан өдөр цэцэрлэг цонхоо онгойлгох юм бол угаартах хэмжээнд утаа орж ирдэг гээд цонхоо ч онгойлгож чадахгүй агааргүй бүгчим орчинд хүүхдүүд өдрийг өнгөрүүлдэг” гэв.

No description available.

-20 ОРЧИМ ЖИЛ ЯРИГДАЖ БУЙ УЛААНБААТАР ХОТЫН ХОГ ШАТААХ БАЙГУУЛАМЖ-

Улаанбаатар хотод  хэрэв ядаж нэг хог шатаах байгууламж барьчихвал бид хогоо ч цэгцлээд цахилгаанаа ч үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ үе үеийн төрийн удирдах албан тушаалтнууд хог шатаах үйлдвэрийн талаар “мэр сэр” ярьдаг ч хөрсөн дээр буусан тохиолдол одоогоор гараагүй л байна. Хамгийн сүүлд, өчигдөр ажлаа өгсөн хотын дарга Х.Нямбаатар 2025 оны аравдугаар сард Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хог шатаах үйлдвэрийн төслийн менежер, үйлдвэрийн дарга Танг Яа Ү нартай “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

Тус төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарч байв. Гэхдээ тухайн үедээ энэхүү үйл явдал сур дуулиантай байсан ч дахин бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь өмнөх олон түүхүүд давтагдаж байна уу гэлтэй.

Хотын дарга асан Х.Нямбаатар “Туулын хурдны зам” биш “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ээ эхлээд барьж эхэлсэн бол өнөөдөр Хотын даргын суудалтайгаа үлдэх байсан ч байж магадгүй л юм.

-ДЭЛХИЙН БУСАД ОРНЫ ХУВЬД ХОГИЙГ ХОГ БИШ ХАРИН БАЯЛАГ ГЭЖ ХАРДАГ БОЛСОН-

Учир юу гэвэл тэд хогийг боловсруулж шатаан, цахилгаан гаргадаг үйлдвэртэй. Тухайлбал, Данийн Копенхаген хотод дэлхийн томоохон хог шатаах “Amager Bakke” үйлдвэр байдаг. Тус үйлдвэр нь жилд 400 мянга гаруй тонн хогийг шатааж 150 мянган айлыг цахилгаанаар, 120 мянган айлыг дулаанаар хангадаг байна. Гэтэл манай улсын хувьд хогондоо дарагдчихсан мөн нийслэлийн иргэд цахилгаан, эрчим хүчний хомсдолтой энэ өвлийг зутруухан давсан билээ.

CopenHill/Amager Bakke, Copenhagen, Denmark

Гэхдээ хотын бусад хэсгүүдэд оршин суугаа иргэд зөвхөн тухайн хогийн цэгийн ойр орчиндоо л асуудал байгаа юм гэж бодож болохгүй. Энэ хэвээр бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй яваад байх юм бол 2040 он гэхэд хоногт 2,915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв гарсан байдаг. Энэ үед дан ганц хогийн цэгийн ойр орчим ч биш Улаанбаатар тэр чигээрээ хогийн цэгийн утаагаараа амьсгалаад явж байх аюул бидэнд нүүрлэжээ.

No description available.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө