Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын рекорд эзэмшигч, Дэлхийн цомын аварга Н.Ерат нар Казахстанаас допинг авчирч, Монголд нууцаар зардаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж, торгох ял оноосон бол Монгол Улсын рекорд эзэмшигч, Дэлхийн цомын аварга Н.Ерат хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ц.Хосбаярыг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Testomed E250", "Stanozon", "Primomed 100", "Only for Russian national team" гэсэн нэршилтэй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан хэмээн Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар шүүх тус хэргийг хэлэлцээд Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан гэм буруутайд тооцож, түүнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор Ц.Хосбаярыг Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа аж.
-Н.ЕРАТЫГ 74 ШИРХЭГ ДОПИНГИЙН ТӨРЛИЙН ЭМИЙГ МОНГОЛ ОРУУЛЖ ИРЖ, 500 МЯНГААР ЗАРСАН ХЭМЭЭН ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ-
Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын "хамсаатан" гэгдэж байсан Монгол Улсын рекорд эзэмшигч, дэлхийн цомын аварга Н.Ератад холбогдох хэргийг хуулийн байгууллагаас тусгаарлан шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодотговол, Н.Ерат нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Danomed" гэх бичиглэлтэй, 74 ширхэгтэй эм болон нэр хаяггүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгөөр бусдад худалдсан гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр 2 дахь хэсэг буюу хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор тус хэргийг хэлэлцэх тов гараагүй байгаа аж.
Ямартай ч гаднын улсаас допингийн төрлийн эм, бэлдмэл оруулан ирж, Монгол Улсад хуралдан борлуулдаг байсан гэх хэрэгт холбогдоод байсан Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаярын хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэн торгох ял оноосон бол Монгол Улсын рекорд эзэмшигч, Дэлхийн цомын аварга Н.Ератын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.