ХЭРГИЙН МӨРӨӨР: Хүндийн өргөлтийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Н.Ерат нар Казахстанаас допинг авчирч, Монголд нууцаар зардаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хүндийн өргөлтийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Н.Ерат нар Казахстанаас допинг авчирч, Монголд нууцаар зардаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр допинг байж болзошгүй бодис зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нь 2024 оны аравдугаар сард /2024.10/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий фитнест Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Stanozon", "Primomed 100" гэх допингийн төрлийн бодисын зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, допингийн төрлийн бодис болох "Only for Russian national team" гэх эмийг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан гэх үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Ингэхдээ түүнийг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. 

-ДОПИНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БУЙ Н.ЕРАТАД "НАУРЫЗ"-ЫН БАЯРААР ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ХҮРТЭЭЖЭЭ-

Мөн Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын хэрэгт холбоотойгоор түүний "хамсаатан" гэгдэх Монгол Улсын рекорд эзэмшигч, дэлхийн цомын аварга Н.Ератыг мөн яллагдагчаар татан, шалгаж дууссан байна. Тодотговол, Н.Ерат нь 2025 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий фитнест мөн л Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу допингийн төрлийн байж болзошгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дэлхийн цомын аварга Н.Ерат нар нь бөхчүүд болон тамирчдад дээрх нэр бүхий допингийн төрлийн гэгдэх эм, бэлдмэлийг худалдан борлуулдаг байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүнээ Казахстан улсаас оруулан ирж, Монголд нууцаар худалдан борлуулдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. 

Тэдний энэхүү үйлдлийн хохирогч болсон нэр бүхий бөхчүүд байгаа бөгөөд зарим нь барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулж, хохироод байгаа аж. Ямартай ч дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас үйлдэл дээр нь илрүүлэн, мөрдөн шалгаж дууссан байна.

Хачирхалтай нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, допингийн төрлийн гэгдэх бодисыг Монгол Улсад хууль бусаар оруулан ирж, худалдан борлуулж байсан хэргээр ийнхүү хуулийн байгууллагад шалгагдаж буй дэлхийн цомын аварга Н.Ерат гэгчид Наурызын баярыг  /2026.03.22/ тохиолдуулан Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээсэн байх аж. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам түүний дээрх хэргийн талаар мэдээлэлгүй байсан уу, эсвэл түүний хууль бус үйлдлийг үл тоомсорлон ийнхүү төрийн хүндэт шагнал хүртээв үү гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж байна.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө