Хөвсгөл аймагийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Баянзүрх” хэмээх газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 4-ний өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км зайд байрлаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэдээс бүрдсэн нийт 80 хүн ажиллаж байгаа бөгөөд 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор өнөө өглөөний 07:30 цагаас эхлэн ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн “Зүрх хүзүү” гэх газарт гарсан ойн түймрийн дуудлагыг тавдугаар сарын 6-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан байна. Уг түймэр нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 278 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км зайд гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги болон орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтайгаар түймрийн хойд талаас зүүн чиглэлд ажиллаж байгаа юм.