УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарт бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарт бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр ДЦС-3 ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангалт, мөн өмнөх ослын дараах засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Ажлын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний системийн тогтвортой байдлыг бүрэн бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон байна. Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарт анхаарал хандуулж, бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ талаар “Наадмын маргааш намар. Манай эрчмийнхэнд өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нэг хором, нэг цаг, нэг өдөр ч тун чухал. Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хамт ДЦС-3 ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл болон өмнөх ослын засвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг шалгалаа. Эрчим хүчний салбарт анхаарч, бодит нөхцөл байдалтай танилцан бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлсэн УИХ-ын даргад талархал илэрхийлье” хэмээн онцолсон байна.