Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр  “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх  Берлиний форум”-д оролцов

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр 2026 оны 6 дугаар сарын 18–19-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцож, сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.

Тэрээр уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудал өнөөгийн улс төр, нийгэм, байгаль орчны тулгамдсан сорилтын нэг болоод буйг онцолж, уг асуудлыг зөвхөн шилжилт хөдөлгөөний хүрээнд бус, хөгжлийн, тэсвэрлэх чадавхын болон хүний эрхийн бодлоготой уялдуулан авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын хувьд газрын доройтол, ган гачиг, усны нөөцийн хомсдол нь орон нутгийн иргэд, уламжлалт мал аж ахуйд бодит нөлөө үзүүлж байгааг тэмдэглэж, газрын нөхөн сэргээлт, тогтвортой амьжиргаа, уур амьсгалын дасан зохицлыг бэхжүүлэх нь иргэдийн сонголт, орон нутгийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой чухал болохыг сонордуулав. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулагч орны хувьд газрын доройтол, уур амьсгалын тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа болон хүний хөгжлийн асуудлыг нэгдмэл бодлогын хүрээнд авч үзэж, уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх, дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллаж буйг мэдэгдэв.

Форумын үеэр Монгол Улс “Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчим” баримт бичгийг дэмжиж буйгаа илэрхийлж, хүний эрхэд суурилсан, хүн төвтэй, хөгжлийг дэмжсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх улс төр, бодлогын түвшний ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой тус форумын хүрээнд оролцогч талууд “Global Consensus on Climate Mobility” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны нийтлэг зарчим, чиглэлийг хэлэлцсэнээр энэ удаагийн форум өндөрлөв.