Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
09-р сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдаар, 19-ний өдөр Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.