Лондон хотын хойд хэсэгт орших Голдерс Грин дүүрэгт хоёр еврей иргэн хутгалуулсан хэргийг Их Британийн цагдаагийн байгууллага терроризмын халдлага гэж үзэн шалгаж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, өчигдөр /2026.04.29/ 34 настай Шиломе Рэнд, 76 настай Моше Шайн нар халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа гэж Метрополитан цагдаагийн газар мэдээлжээ. Цагдаагийнхан 45 настай Британийн иргэнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд саатуулах үеэр цахилгаан бороохой ашигласан байна. Тэрээр цагдаа нарыг хутгалахыг завдсан ч өөр хүн гэмтээгүй аж.
Гэрчүүдийн мэдээлснээр, халдлагын үеэр хүмүүс “түүнд хутга байна, зугт” хэмээн хашгирч, иргэд айж сандарсан байсан аж.
Метрополитан цагдаагийн комиссар Сэр Марк Роули халдлагын үеэр оролцсон цагдаа нарын шуурхай, эр зоригтой ажиллагааг онцлон үнэлсэн бөгөөд сэжигтэн ноцтой хүчирхийлэл үйлдэх хандлагатай, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байж болзошгүйг дурджээ. Мөн уг этгээд өмнө нь өөр хэрэгт холбогдож байсан байж болзошгүй талаар шалгалт үргэлжилж байгаа аж. Цагдаагийнхан түүний холбоотой байж болох хаягт нэгжлэг хийж эхэлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер уг халдлагыг “маш аймшигтай антисемит үйлдэл” хэмээн буруушааж, “Еврей нийгэмлэгийн эсрэг халдлага бол Британийн эсрэг халдлага” гэж мэдэгдсэн байна. Хэргийг терроризмын эсрэг нэгж хариуцан шалгаж байгаа бөгөөд халдлагын шалтгаан, сэжигтний зорилгыг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: BBC