АНУ-ын Төрийн департамент тус улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг бүхий хязгаарлагдмал тооны гадаад паспорт гаргах болсноо 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр тэрээр АНУ-ын түүхэнд албан ёсны аяллын баримт бичигт дүрээ мөнхөлсөн анхны ерөнхийлөгч болж байна.
Шинэ загварын паспортын дотор хавтсанд Тусгаар тогтнолын тунхаглалын бичвэр болон Америкийн далбааны дүрслэл дээр Ерөнхийлөгч Д.Трампын хоёр дахь удаагаа тангараг өргөх үеийн хөргийг байрлуулж, түүний гарын үсгийг алтан өнгөөр хэвлэжээ. Мөн доторх хуудсанд Жон Трумбуллийн алдарт "Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж буйг үүсгэн байгуулагчид" уран зургийг багтаасан байна. Гаднах хавтасны уламжлалт загварыг өөрчилж, дээд хэсэгт "United States of America" гэж тод алтан өнгөөр бичсэн бол арын хавтсанд одоор хүрээлүүлсэн "250" гэсэн тоо бүхий алтан далбааг байрлуулсан байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт энэхүү тусгай загвар нь одоогийн паспортын бүх технологийн аюулгүй байдлын шинж чанарыг бүрэн хадгалсан гэдгийг онцлов. Энэхүү хязгаарлагдмал тооны паспортыг 2026 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс өмнө буюу зуны улиралд олгож эхлэх бөгөөд нийт 25,000-аас 30,000 орчим хувийг хэвлэхээр төлөвлөжээ. Тусгай паспортыг зөвхөн Вашингтон хотын Паспортын агентлагт биечлэн ирж хугацаагаа сунгуулах эсвэл шинээр мэдүүлэг өгсөн иргэдэд нөөц дуусах хүртэл олгох юм. Хэрэв иргэд Д.Трампын зурагтай паспортыг авахыг хүсэхгүй бол ердийн загварыг сонгох боломжтой. Харин цахимаар болон улсын хэмжээнд бусад агентлагаар дамжуулан мэдүүлсэн иргэдэд уламжлалт паспортыг үргэлжлүүлэн олгоно. Паспортын загварыг өөрчилсөн явдал нь Д.Трампын засаг захиргаанаас үндэсний 250 жилийн ойн арга хэмжээнд ерөнхийлөгчийн нэр хүнд, дүр төрхийг шингээх зорилгоор хэрэгжүүлж буй "America250" өргөн хүрээний хөтөлбөрийн нэг хэсэг юм. Үүний хүрээнд АНУ-ын Зоосны үйлдвэр Д.Трампын дүр болон "FIGHT FIGHT FIGHT" гэсэн бичээс бүхий 24 каратын алтан нэг долларын зоос гаргахаар бэлтгэж байгаа бол Сангийн яам цаасан мөнгөн дээр түүний гарын үсгийг байрлуулахаар зорьж байна. Түүнчлэн 2026 оны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх тасалбар дээр Жорж Вашингтоны хамт түүний зургийг хэвлэжээ. Мөн Кеннедийн төвийг "Трамп-Кеннедийн төв" болгон өөрчлөх санал гарч, Хууль зүйн яам болон Хөдөө аж ахуйн яамны барилгад түүний хөрөг бүхий тугийг өлгөсөн байна.