Арабын Нэгдсэн Эмират улс ОПЕК-ээс гарснаа зарласан нь дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлж, үнэ буурчээ

Арабын Нэгдсэн Эмират улс ОПЕК-ээс гарснаа зарласан нь дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлж, үнэ буурчээ

Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/ өчигдөр /2026.04.28/ ОПЕК-ээс гарахаа мэдэгдэж, Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын үед газрын тос үйлдвэрлэгч орнуудын бүлэгт томоохон цохилт өгсөн талаар Reuters агентлаг мэдээлжээ. 

ОПЕК-ийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг АНЭУ ийнхүү гарснаар тус байгууллагын дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд тавих нөлөө суларч, АНЭУ болон Саудын Арабын хоорондын зөрчил улам гүнзгийрэх төлөвтэй болоод байгаа аж. Мөн ОПЕК-ийн квотын хязгаарлалтаас гарснаар АНЭУ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бүрдэж болзошгүй ажээ.

АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухайл Мохамед аль-Мазруи энэ шийдвэрийг эрчим хүчний бодлого, ирээдүйн үйлдвэрлэлийн төлөвийг нарийвчлан судалсны үндсэн дээр гаргасан гэж мэдэгдсэн бөгөөд өөр улс орнуудтай урьдчилан зөвшилцөөгүйг онцолжээ.

Тэрээр, “энэ бол бодлогын шийдвэр. Бид одоогийн болон ирээдүйн үйлдвэрлэлийн бодлогоо нухацтай үнэлсний үндсэн дээр ийм алхам хийсэн” гэжээ. АНЭУ ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн ОПЕК болон ОПЕК+ бүлгээс гарахаа зарласны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурсан байна. Гэсэн хэдий ч Ормузын хоолойн хязгаарлалт үргэлжилж буй энэ үед уг шийдвэр зах зээлд шууд нөлөөлөхгүй гэж сайд АНЭУ-ын Эрчим хүчний сайд Мазруи үзэж байгаа аж. 

Одоогоор Персийн булангийн орнууд Иран, Оманы хооронд орших Ормузын хоолойгоор дамжуулан экспорт хийхэд хүндрэлтэй тулгарч байгаа бөгөөд энэ нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг орчимд нөлөөлж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, ОПЕК-ийн дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь гуравдугаар сард 44 хувь болж буурсан нь өмнөх сарын 48 хувиас мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. АНЭУ бүлгээс гарснаар энэ хувь цаашид ч буурах төлөвтэй байна гэжээ. 

АНЭУ-ын шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын байр суурьтай нийцэж байгаа бөгөөд тэрээр өмнө нь ОПЕК-ийг газрын тосны үнийг хөөрөгдөж, дэлхийн зах зээлд дарамт учруулж байна хэмээн шүүмжилж байсан юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ өөрчлөлт нь зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, урт хугацаанд үнэ тогтворжих боломжийг бүрдүүлж магадгүй юм. Учир нь ADCB банкны ерөнхий эдийн засагч Моника Малик “геополитикийн нөхцөл байдал тогтворжвол АНЭУ зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх боломжтой” гэж онцолсон байна. Мөн Rystad Energy-ийн шинжээч Хорхе Леон АНЭУ нь Саудын Арабын дараа зах зээлд нэмэлт нийлүүлэлт хийх нөөц боломжтой цөөн улсын нэг бөгөөд энэ нь Саудын Арабын зах зээлийг тогтворжуулах үүрэгт нөлөөлж болзошгүйг тэмдэглэжээ.

АНЭУ нь бүс нутгийн санхүү, бизнесийн томоохон төв бөгөөд АНУ-ын ойрын түншүүдийн нэг хэвээр байгаа юм. Тус улс Ираны дайны үеэр АНУ, Израильтай харилцаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн нөлөөгөө өргөжүүлэх бодлого баримталж байгаа аж. Үүний зэрэгцээ Персийн булангийн орнуудын удирдагчид Саудын Арабт уулзаж, Ираны эсрэг цэргийн нөхцөл байдал болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Reuters