Н.Мадурог огцрохыг мөрийцсөн хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын цэрэг өөрийгөө "буруугүй" гэж мэдэгджээ

Н.Мадурог огцрохыг мөрийцсөн хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын цэрэг өөрийгөө "буруугүй" гэж мэдэгджээ

Венесуэлийн удирдагч Н.Мадурог огцрохыг урьдчилан таамаглан бооцоо тавьж, их хэмжээний ашиг олсон гэх хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын тусгай хүчний цэрэг В.Дайк өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.

Өдгөө 38 настай В.Дайк өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан бөгөөд өчигдөр /2026.04.28/ Нью-Йоркийн холбооны шүүхэд анх удаа шүүгдсэн байна. Түүнийг нууц мэдээллийг ашиглан криптовалют дээр суурилсан Polymarket платформд арилжаа хийж, 400 мянга гаруй ам.долларын ашиг олсон гэж буруутгаж байгаа юм. 

Шүүхээс түүнийг 250 мянган ам.долларын барьцаагаар суллаж, паспортыг нь хураан авч, зорчих эрхийг хязгаарласан байна. В.Дайк шүүх хурал дээр “Би буруугүй, эрхэм ээ” хэмээн мэдэгдсэн бөгөөд одоогоор цэргийн албанаас чөлөөлжээ.

В.Дайк

Түүний өмгөөлөгч М.Герагос засгийн газрыг “гэмт хэрэг биш үйлдэл”-д буруутгаж байна хэмээн шүүмжилж, үйлчлүүлэгчээ “улсад олон жил үнэнчээр зүтгэсэн хүн” гэж тодорхойлсон байна. АНУ-ын Хууль зүйн яам В.Дайкийг “Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа” нэртэй нууц цэргийн ажиллагааны талаарх мэдээлэлд хандах эрхээ ашиглан хувийн ашиг олсон гэж үзэж байгаа юм. Түүнийг нууц мэдээлэл хууль бусаар ашигласан, залилан мэхэлсэн, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгажээ.

Прокуроруудын мэдээлснээр, В.Дайк Венесуэлийн удирдагч Н.Мадурог огцруулахтай холбоотой үйл явдлыг урьдчилан мэдэж, дор хаяж 13 удаа бооцоо тавьсан байна. Нийтдээ 33 мянга гаруй ам.долларын бооцоо тавьж, 409 мянга орчим ам.долларын ашиг олжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр хожсон мөнгөө татан авч, гадаад дахь криптовалютын сан руу шилжүүлж, улмаар өөр данс руу дамжуулсан нь тогтоогдсон байна. Энэ хэрэг нь таамаглалын зах зээл дээрх дотоод арилжаатай холбоотой анхны томоохон хэрэгт тооцогдож байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчид ийм төрлийн платформуудад тавих хяналтыг чангатгаж эхэлжээ.

Эх сурвалж: BBC