АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг хөнөөхийг завдсан байж болзошгүй хэрэгт Калифорни мужийн 31 настай иргэн Коул Томас Аллен яллагдагчаар татсан талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тэрээр Вашингтон хотод болсон шүүх хуралд оролцохдоо хоёр галт зэвсгийн хэрэгт буруутгагдсан ч гэм буруугаа хүлээгээгүй байна. Прокурорын мэдээлснээр, К.Т.Аллен Цагаан ордны Сэтгүүлчдийн холбооны оройн зоогийн үеэр аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгийг нэвтэрч, хагас автомат гар буу, шахуургын буу болон гурван хутга авч явжээ.
Буудлагын үеэр Нууц албаны нэг ажилтан цээжиндээ оногдсон ч сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул амь насанд нь аюул учраагүй юм. Хариу арга хэмжээний хүрээнд хамгаалалтын ажилтан сэжигтэн рүү хэд хэдэн удаа буудаж, түүнийг газар дээр нь саатуулжээ.
Хэрэг гарсан үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тус улсын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон бусад өндөр албан тушаалтнуудыг Вашингтон Хилтон зочид буудлын танхимаас яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн халдлагаас өмнө гэр бүлийнхэндээ илгээсэн зурваст “төрийн албан тушаалтнуудыг дээдээс доод түвшин хүртэл онилно” гэж бичсэн байж болзошгүй нь илэрчээ.
Албаныхны мэдээлснээр, К.Т.Аллен Лос Анжелесаас Чикаго дамжин Вашингтонд ирж, халдлага болохоос өмнөх өдөр зочид буудалд байрласан байна. Түүнийг цагдан хорьсон бөгөөд нэмэлт ял тулгах боломжтой гэж прокурорууд мэдэгджээ. Одоогоор хэрэг явдлын нарийвчилсан нөхцөл байдал болон сэжигтний зорилгыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын аюулгүй байдлын байгууллагууд Д.Трампын хамгаалалтын протоколыг дахин хянаж эхэлжээ.
Эх сурвалж: BBC