Өнөөдөр /2026.04.27/ үүрээр Японы Хоккайдо мужид 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна. Гэхдээ тус улсын Цаг уурын агентлаг цүнамийн сэрэмжлүүлэг гаргаагүй юм. Японы Цаг уурын агентлаг мэдэгдэл хийснээр газар хөдлөлт Хоккайдогийн Токачи бүсэд 05:23 минутын орчим, газрын гадаргаас 83 км-ийн гүнд болжээ.
Газар хөдлөлтийн хүчийг Япон улс долоон түвшинд ангилдаг. Үүрээр болсон газар хөдлөлт тавдугаар түвшинд ангилагдсан байна. Энэ түвшний газар хөдлөлтийн үеэр ямар нэгэн зүйл барилгүйгээр алхахад хэцүү болдог юм. “Hokkaido Electric Power Co” компани мэдэгдэл хийснээр тус мужид байдаг Томари цөмийн цахилгаан станцад хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Аомори мужид 7.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа Японы Цаг уурын агентлаг асар хүчтэй газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдсэн гэж мэдэгдсэн юм. Харин өнөөдрийн газар хөдлөлтийн дараа эрсдлийг өсгөөгүй аж.
Эх сурвалж: Kyodo News