АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны асуудлаарх хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байсан АНУ-ын албан тушаалтнуудын Пакистанд хийх айлчлалыг цуцалж буйгаа зарлалаа. Энэ шийдвэрээ тэрээр Ираны төлөөлөгчид Исламабадаас гарсны дараахан гаргасан байна. Д.Трамп тусгай элч Стив Виткофф болон зөвлөх Жаред Кушнер нар “хэт их цаг алдаж байна” хэмээн үзэж, “Хэрэв Иран хэлэлцэхийг хүсвэл зүгээр л утсаар холбогдох ёстой” гэж мэдэгджээ.
“Nobody knows who is in charge, including them. Also, we have all the cards, they have none! If they want to talk, all they have to do is call!!!” - President Donald J. Trump 🇺🇸 pic.twitter.com/jpxXgQ0K06
— The White House (@WhiteHouse) April 25, 2026
Өмнө нь Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Пакистаны зуучлалтай хэлэлцээ хийж, дайныг зогсоох Ираны байр суурийг илэрхийлсэн ч “АНУ дипломат харилцаанд үнэхээр нухацтай хандаж байгаа эсэх тодорхойгүй байна” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гал зогсоох хэлэлцээрийг сунгасан ч хэлэлцээний явц зогсонги байдалд оржээ. Учир нь талууд Ормузын хоолойн асуудал болон Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор санал зөрөлдсөн хэвээр байгаа аж.
Иймээс АНУ Ираны газрын тосны экспортыг хязгаарлах зорилгоор Ормузын хоолойд тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлсэн бол Иран мөн уг стратегийн усан замаар нэвтрэлтийг хязгаарлаад байгаа юм. Цагаан ордон өмнө нь “Иран хэлэлцэх сонирхолтой” гэж мэдэгдсэн ч Тегеран шууд уулзалт хийх төлөвлөгөөгүй гэж мэдэгдээд байгаа юм.
Харин Д.Трамп хэлэхдээ, нүүр тулсан хэлэлцээний боломж багассан ч гал зогсоох хэлэлцээр үргэлжилнэ гэдгийг онцолсон байна. Айлчлал цуцлагдсан нь дайн дахин эхлэх үү гэсэн асуултад тэрээр “Үгүй, одоогоор тийм зүйл бодоогүй” гэж хариулжээ.
Түүнчлэн Д.Трамп Ираны удирдлагын дотор “ихээхэн зөрчил, ойлгомжгүй байдал” байгаа гэж үзэж, “хэнийг нь шийдвэр гаргагч вэ гэдгийг ойлгоход бэрх” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэлэлцээ ахицтай болсон тохиолдолд Пакистанд очих “бэлэн байдалд” байсан ч айлчлал цуцлагдсанаар энэ боломж хаагдсан байна.
Нөгөө талаас Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Тегеран хэлэлцээнд нээлттэй хэвээр байгаа ч “хориг, дарамт, заналхийлэл нь бодит хэлэлцээнд саад болж байна” гэж мэдэгдсэн байна.
Пакистан сүүлийн долоо хоногуудад хоёр талын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өмнөх шатны хэлэлцээ тохиролцоонд хүрээгүй юм. Үүний зэрэгцээ бүс нутагт хурцадмал байдал үргэлжилсээр байна. Израиль Ливанд хийсэн цохилтоор дор хаяж дөрвөн хүний аминд хүрсэн бол Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Хезболлагийн байнуудыг эрчимтэй довтлох тушаал өгсөн талаар мэдээлжээ.
Эх сурвалж: BBC