Ямааны ноолуур малчдын, бас уран бүтээлчдийн орлогын гол эх үүсвэр болжээ

Ямааны ноолуур малчдын, бас уран бүтээлчдийн орлогын гол эх үүсвэр болжээ

Хавар болж цаг наашлахад, өвлийн хатууг давж, төл малаа хүлээж авсан малчдын нуруу сая нэг тэнийнэ.  Үүнтэй залгуулаад дараагийн нэг гол ажил нь ямаагаа самнаж, ноолуураа тушаах байдаг. Жилийн дөрвөн улиралд амралтгүй ажилладаг манай малчдын орлогын гол үүсвэр нь намрын цагт мах, хаврын цагт ноолуур байдгийг хэн бүхэн мэднэ. Сая нэг ажил нь дундарч, сая л нэг халаасанд нь мөнгөтэй болж буйг урлагийнхан бүр ч андахгүй.

Лавшруулан дурдвал, уран бүтээлчдийн ч бас орлогын гол үүсвэр ноолуур болсоор олон жилийг үдээд буй юм. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл улам даамжирч нийтийн дуу, хошин урлагийн зарим уран бүтээлчид монгол орныхоо уудам нутгийг аймаг, сум, бүс нутгаар нь хувааж аваад аялан тоглолт хийх явдал түгээмэл болжээ. Уран бүтээлээ туурвиж, түгээх нь хүний эрх хэдий ч, хаврын цагаар л аялан тоглоод байдаг нь олны эгдүүцлийг төрүүлээд буй. 

Тодруулбал, өнөөдрийн байдлаар монгол орон даяар нийт долоон аялан тоглолт явж байгаа юм байна. Үүнд,

  • МУГЖ Д.Энхзул, МУСТА Э.Чинбаяр нарын "Эх үрийн дуу" аялан тоглолт Хөвсгөл аймагт,
  • МУСТА Д.Бурмаа нарын “Удмын хэлхээ” тоглолт Дархан, Эрдэнэт хотод,
  • МУСТА Н.Мөнгөншагай, дуучин С.Ариунболд нарын  аялан тоглолт Хэнтий аймгийн нутгаар,
  • МУСТА Ж.Шагдар А.Баярсайхан М.Үүрийнтуяа нар Сүхбаатар аймгийн нутгаар,
  • Outlaw хамтлаг Монгол орны тойрч,
  • дуучин Б.Бат-Энэрэл Завхан аймгийн сумдаар,
  • “Хишиг” продакшн говийн аймгуудаар,
  • Эмоци хамтлаг төв, зүүн аймгуудын нутгаар аялан тоглож байна.