ОХУ-ын төв телевизийн хөтлөгч Владимир Соловьев Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонийг нэвтрүүлгийнхээ үеэр илт доромжилсон нь дипломат маргаан үүсгэжээ.
Тэрбээр итали хэлээр Мелониг “хүн төрөлхтний ичгүүр”, “зэрлэг араатан”, “батлагдсан тэнэг”, “муухай бяцхан эмэгтэй” хэмээн доромжилсон байна. Улмаар орос хэлээр үргэлжлүүлэн ярихдаа түүнийг “сонгогчдоосоо урвасан фашист бүтээл” хэмээгээд, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампаас ч “урвасан” гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни Ром дахь ОХУ-ын Элчин сайдыг дуудан уулзаж, Соловьевын “маш ноцтой, доромжилсон” мэдэгдэлд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлснээ мэдээлсэн байна. Харин Ерөнхий сайд Мелони өөрийн сошиал хуудсанд “Ийм ‘хошигнолууд’ бидний байр суурийг өөрчлөхгүй. Бид зөвхөн Италийн ашиг сонирхлыг баримтална” хэмээн бичжээ. Мелонигийн засгийн газар Украинд дэмжлэг үзүүлж буй байр суурь нь Ром ба Москва-гийн харилцааг хурцатгаад байгаа юм. Мөн тэрбээр Ирантай холбоотой асуудал болон Ромын пап Лео XIV-тэй холбоотой маргааны улмаас АНУ-тай харилцаа нь сүүлийн үед таагүй байдалд орсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: AFP