Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-нд ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд Эрхүү хотын 14 зураачийн 1972-2024 онд бүтээсэн 60 гаруй уран зураг, зураасан зургийн бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд 5 дугаар сарын 28-ныг хүртэл олон нийтийн хүртээл болох юм. Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Оросын уран бүтээлчдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнг харуулж буйгаараа онцлогтой. Тодруулбал, 1972 онд тухайн үеийн Эрхүү хотын Зураачдын холбооны дарга Виталий Сергеевич Рогалийн санаачилгаар “Найрамдлын замаар” уран бүтээлийн хамтарсан аяллыг зохион байгуулж, түүний үр дүнд бий болсон бүтээлүүдээр хоёр улсад үзэсгэлэн гаргах эхлэлийг тавьжээ. Энэхүү үйл ажиллагаа цаашид өргөжин Москва болон хамтын нөхөрлөлийн бусад орнуудыг хамрах болсон байна. Анхны аялалд ОХУ-ын зураачид А.И.Алексеев, А.Г.Костовский, Б.Т.Бычков болон урлаг судлаач С.Н.Баранова нар оролцож, Монгол орноор 10 хоног аялж судалгаа хийсэн нь тэдний уран бүтээлд монгол сэдвийг гүнзгий тусгах суурь болжээ.
Мөн 2002 онд Эрхүүгийн урлагийн коллеж Монголын Дүрслэх урлагийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар уран бүтээлчдийн харилцаа шинэ шатанд гарч, жил бүр хамтарсан уран бүтээлийн аялал, сургалт, хичээлийг Монгол Улс болон Эрхүү хотод зохион байгуулж ирсэн байна. Энэ хамтын ажиллагаанд урлаг судлаач И.Г.Федчина, зураач В.Н.Бешнов нар чухал хувь нэмэр оруулжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монголын Урчуудын Эвлэлийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр, Төрийн шагналт уран барималч Ц.Амгалан, урлаг судлаач О.Сосор нар оролцож, Буриадын Зураачдын холбооны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон талаар МУЭ-ээс мэдээлэв.