Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан хоёр тооны халиун буга хууль бусаар агнасан талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Экологийн цагдаагийн албанаас энэ дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон амьтан юм.