Ойрх Дорнодын зах зээлийн эрсдэл болон үнэт металлын үнэ өссөнтэй холбоотойгоор гуравдугаар сард швейцар цагны экспорт буурсан байна.
Саудын Араб болон Катар дахь борлуулалт эрс саарснаас шалтгаалан гуравдугаар сард нийт экспорт нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсныг Швейцарын цагны холбоо мэдээллээ. Хэдий тийм боловч оны эхний улирлын гүйцэтгэлээр нийт цагны экспорт 7.9 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Сүүлийн дата үзүүлэлтээс харахад АНУ-д швейцар цагны экспорт харьцангуй тогтвортой байсан бол Саудын Арабт 16.8 хувиар, Катарт бараг 25 хувиар буурсан байна. Ингэснээр нэгдүгээр сараас эхлүүлсэн уналтын чиг хандлагаа үргэлжлүүллээ. Хөрөнгө оруулалт менежментийн “Vontobel” банкны шинжээч “Ойрх Дорнодын улсуудад хийсэн гуравдугаар сарын экспорт бодит хэрэглээний эрэлтийг бүрэн тусгаж чадахгүй. Учир нь тансаг хэрэглэлийн брэндүүдийн борлуулалтын дата үзүүлэлтээс харахад ойролцоогоор 50 хувийн уналт ажиглагдаж байна” гэж анхааруулжээ.