Израилын зэвсэгт хүчин Ливан руу довтолж байх үед нэгэн тосгон руу нэвтрэн Есүсийн хөшөөг эвдсэн хоёр цэрэг 30 хоног хоригдох ял сонсжээ. Тэдний нэг нь хөшөөний нүүрийг алхаар эвдэлж нөгөө нь бичлэг хийсэн байна. Сошиал орчинд тус хэргийн зураг тархаж, дэлхий даяар Христийн шашинтай хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
Тус зургийг ямар нэгэн байдлаар янзалж, хиймэл оюунаар үүсгээгүй гэдгийг тогтоосны дараа Израилын зэвсэгт хүчин мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ. Мөрдөн байцаалтын үр дүнд тэр хоёр цэргийг байлдааны албаас халж, 30 хоног хориг ял оноосон байна. Хүний эрхийн байгууллагууд мэдэгдсэнээр Израилын зэвсэгт хүчин цэргүүддээ хариуцлага тооцох нь ховор байдаг аж.
Зэвсэгт мөргөлдөөнүүдийг хянадаг “Action on Armed Violence” байгууллага илрүүлснээр Израилын зэвсэгт хүчин Газын зурваст ёс зүйн алдаа гаргасан гэх тохиолдлын 88 хувийг шийдвэрлэлгүй орхижээ. Жишээлбэл саяхан Израилын зэвсэгт хүчин Газын зурвасаас баривчилсан хүнийг хүчирхийлсэн гэх цэргүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Эх сурвалж: The Guardian