Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнд дахин нэг гэнэтийн эргэлт гараад байна. Тодруулбал, өнөөдөр /2026.04.22/ АНУ, Ираны гал зогсоох тохиролцоо дуусч, улмаар АНУ Иранд дахин цохилт өгөх эрсдэл бий болоод байсан ч Ерөнхийлөгч Д.Трамп эцсийн мөчид мэдэгдэл хийж, Тегеран энхийн хэлэлцээг урагшлуулах "нэгдсэн санал" гаргах хүртэл гал зогсоох хугацааг сунгана гэдгээ зарласнаар нөхцөл байдал өөрчлөгдсөн байна.
Харин Цагаан ордноос АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон хэлэлцээний баг Пакистаны Исламабад хотыг зорих эсэх, хэзээ явах нь тодорхойгүй хэвээр байгааг мэдээлсэн байна. Мөн Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, Тегеран хэлэлцээнд оролцох төлөөлөгч илгээх эсэхээ хараахан шийдээгүй байна гэжээ.
Тэгвэл НҮБ-д суугаа Ираны Элчин сайд Амир Саейд АНУ Ираны боомтуудын бүслэлтийг зогсоох бэлэн байгааг илтгэх зарим дохио ирсэн гэж мэдэгдэж, дараагийн хэлэлцээ зөвхөн үүний дараа явагдана гэж онцолжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп CNBC-д өгсөн ярилцлагадаа Иран "өөр сонголтгүй, төлөөлөгчөө илгээхээс өөр аргагүй" гэж хэлээд, ахиц гарахгүй бол "цохилт өгч магадгүй" гэж анхааруулсан байна.
Д.Трамп "гал зогсоох хугацааг сунгаж буй" шийдвэрээ Пакистаны хүсэлтийн дагуу гаргасан гэж хэлсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд талархал илэрхийлжээ.
Мөн Цагаан ордон АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн Пакистан руу хийх айлчлал цуцлагдсаныг баталсан байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент бүслэлтийг үргэлжлүүлэх нь “Тегераны санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, шилжүүлэх, буцаан татах боломжийг системтэйгээр сулруулна” гэж мэдэгджээ. Харин Ираны албан тушаалтнууд нийгмийн сүлжээгээр зарим байр сууриа илэрхийлсэн ч Тегеранаас одоогоор албан ёсны хариу мэдэгдэл гараагүй байгаа аж.
Эх сурвалж: BBC